Засгийн газар юу хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Засгийн газар юу хэлэлцэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах асуултад хариулт авлаа. 

-Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих Дулааны цахилгаан станцын ажлын явцыг танилцууллаа. Станц байгуулах гэрээг өмнө нь байгуулсан байсан. Концессын хууль батлагдсантай холбоотойгоор гэрээг шинэчилж эхэлсэн, энэ явцыг танилцууллаа. Станцыг Завхан аймгийн Тэлмэн сумаас 70 км-ын зайд барих болсон талаарх шийдвэрээ танилцууллаа. Учир нь өмнө барихаар төлөвлөөд байсан газарт гүйцэтгэгч компани байгаль орчны болон гео техникийн болоод хөрсний судалгааг хийсэн. Судалгаагаар тухайн газар нь олон жилийн цэвдэгтэй, газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрлаж байна гэж батлагдсан учраас зөөх нь зүйтэй юм байна гэдэг компанийн саналыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Дээрээс нь Засгийн газрын хуралдаанаас Концессын гэрээгээ эцэслэн байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуул гэдэг үүрэг өглөө.

Хоёр дахь асуудал нь Эрчим хүчний тухай хуультай холбоотой юм. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 2001 онд дээрх хууль батлагдсан байсан. Монгол Улсын эрчим хүчний системийг зах зээлийн харилцаанд шилжүүлсэн ач холбогдолтой хууль батлагдсан байдаг юм. Гэхдээ одоо бас тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Гол төлөв зохион байгуулалтын чанартай өөрчлөлт юм. Жишээлбэл, Эрчим хүчний зохицуулах газрын статуст өөрчлөлт оруулж, Эрчим хүчний зохицуулах зөвлөл албан ёсоор байгуулах юм. Зөвлөл нь хамтарсан шийдвэр гаргадаг, мөн Эрчим хүчний зохицуулах газрынхаа аж ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй, доор нь аппарат нь болж явахаар. Дээрээс нь орон нутгийн байгууллагын эрх үүрэг, Эрдэс баялаг эрчим хүчний яамны эрх үүрэг гэсэн бүтэц зохион байгуулалтыг нэмж оруулсан байгаа.

-Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татварын асуудал мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан. Татварыг хөдөлгөх шаардлагатай болжээ гэж ойлгосон. Шалтгаан нь юу байв?

-ОХУ-аас орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн учраас Гаалийн болоод Онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахын өмнө хэлэлцээд,  хилээр орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн учраас түүнд ногдуулах Гаалийн болон Онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулах шийдвэр гаргасан байсныг хуралдаанаас баталлаа. Ингэснээр Дизель түлшний үнэ нэг литр тутамдаа 200 орчим төгрөгөөр нэмэгдэх байсан бол энэ үнэ тодорхой хэмжээгээр саарах болж байгаа.

-Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл яах вэ. Газар тариалангийн ажил эхлэх үед энэ төрлийн бүтээгдэхүүний хилийн үнээ хойд хөрш өсгөдөг жишигтэй?

-Хэрвээ хавар,  газар тариалангийн ажил эхлэх үед ОХУ-аас орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх юм бол Гаалийн болон Онцгой албан татварыг тэглэнэ. Тэгж байж, үнийн өсөлтийг саармагжуулна. Одоохондоо бол Гаалийн болон Онцгой албан татварыг 100 хувь тэглэх шаардлагагүй гэж үзсэн.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж