Поп хатагтайгаас улс төрч хатагтай

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Поп хатагтайгаас улс төрч хатагтай

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа рок, поп урлагийнхнаа
дагуулсаар улс төрд хөл тавилаа. Цаашид карьер хөөж, улстөрч бөхчүүд
гэдэг шиг “дуучин улстөрч” болох эсэх нь түүний маргаашийн хэрэг мэт
боловч байж болох л хувилбар. Ямартай ч өчигдөр тэр­бээр “Чингис хаан”-ы
Жагаа, хуучны хамтрагч Дашка нарын хамт МАХН-д гишүүнээр элслээ.
Сөөсгөр хөвгүүд, охид дагуулаад  ингэж хийсч явсан бол поп хатагтайг хэн
ч тоохгүй байх байлаа. Харин энэ цаг үеийн рок, попын одууд түүнтэй
хамт зогсч байсан нь хүмүүсийн гайхаш төрүүлэв. Намын батлахаа Ерөнхий
сайд С.Батболдоос гардаж авсан поп хатагтай маань насны хувьд тийм залуу
бус ч ууган намыг сонгосон дунд үеийнхний нэг болж байгаа юм. Уг нь
хэвлэлд ярихдаа улс төрөөс хол байхаа илэрхийлж, бараг ойлгодог ч үгүй 
хэмээж бай­сан түүний бодлыг юу ингэж МАХН руу эргүүлсэн нь хамгийн их
сонирхол татна. Сараа маань ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших
гэж ийм алхам хийв үү. Эсвэл МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
уу. Хамгийн гол нь өөрийнх нь эрхийн асуудал боловч нэг өдөр урлагийн
одууд гэнэт бөөн бөөнөөрөө ингэж улс төрийн намд элссэн  нь яагаад ч юм
хар төрүүлнэ. Удахгүй нэрээ солих аян өрнүүлэхээр зэхсэн тус намынхны
ээлжит пиар ч байж мэднэ. Гурван хүүхдийн эх тэрбээр сүүлийн үед тайзан
дээр гарах нь эрс цөөрсөн бөгөөд хааяа нэг “Хаан” банкны сурталчилгаа
төдийхөнд тоглож харагдах болсон. Тиймээс  гэрийн мухар сахихаас залхаж,
олон нийтийн ажилд оролцохыг илүүд үзсэн ч байж болох юм.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж