Тус тоглоом нь нэг тоглогч ба олон тоглогч гэсэн хоёр горимоор тоглогдох ба өмнөх ангийнхаа утга санааг үргэлжүүлж XIX зууны хүчирхэг гүрнүүдийг удирдан чиглүүлж тэр үед түүхийн тавцанд голлогч байсан үндэстнүүдийн хоорондох дайн байлдаан, эдийн засаг, улс төр, дипломат харилцаа, шинжлэх ухаан, техник технологийн өсөлт дэвжилтийг бүхэлд нь зангидаж өгсөн real time-grand strategy төрлийн тоглоом юм.
Real time strategy болон real time grand strategy хоёрын ялгааг стратегийн видео тоглоом сонирхогчид сайн мэдэх бизээ. Real time гэдэг маань бодит цагаар аливаа улс гүрэн, үндэстнийг хөгжүүлэн удирдах ба grand болоод ирэхээрээ түүхийн аль нэг бодит цаг хугацааны үед бүх л дэлхий ертөнцийн хэмжээнд улс үндэстнийг удирдан хөгжүүлэх гэсэн ялгаатай байдаг.
Тэгвэл энэ тоглоом нь жинхэнэ стратегичдын хүсэн хүлээсэн тоглоом болж чаджээ хэмээн тоглоомын томоохон сайтууд дээр бичиж байна. Учир нь бусад энэ төрлийн стратегийн тоглоомуудыг бодвол түүхийн илүү урт хугацаа, бүхий л улс үндэстнүүдийг хамарсан агуулгын хувьд асар баялаг тоглоом болсон гэж дүгнэсэн байна. 1836 оноос дэлхийн хоёрдугаар дайн эхлэх хүртэлх зуугаад жилийн турш та дэлхий ертөнцийг “оролдох” боломжтой. Түүхийн энэ үед дэлхийд оршин байсан одоо ч оршсоор байгаа 200 гаруй улс үндсэтнийг тоглоомдоо хамруулна гээд бод доо. Эдгээр үндэстнүүдийн засаг захиргааны найман төрлийн засаглалаас та сонгох боломжтой.
Мэдээж энэ л цаг үед дэлхий ертөнц маань техник технологийн нээлтүүд, эдийн засгийн ололт үйлдвэрлэлийн шинэ үе төрөн гарсан билээ. Тоглоомыг ч бас энэ нь тойрон гарахгүй, бүгд тусгагдсан аж. Газар тариалан, хөдөө аж ахуйгаас гадна хүнд аж үйлдвэрийн нийтдээ 50 гаруй төрлийн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэх боломжтой. Улс гүрнүүдийн зэвсэглэл энэ л үеэс хүйтэн зэвсгийг ардаа орхиж орчин үеийн зэвсэглэлийг улам их хор хөнөөлтэйг нь шилж сонгосон. Тиймээс юу юунаас илүү танд төмрийн орд газрууд чухал хэрэгтэй болно. Эдийн засаг, эд баялаг, дайн байлдаанаас гадна хувьсгал, партизанууд, босогчид гээд таны толгойг гашилгах зүйлс ихээр нэмэгджээ.
Бүр гайхалтай нь урьд өмнө ямар ч стратегийн тоглоомд тусгаж чадаагүй нэг зүйл бий. Энэ нь та задарсан улс гүрний аль нэг хэсэг ч юмуу эсвэл нийгмийн үзэл бодлын зөрчлөөс үүдэн дайсагнасан давхаргуудын аль нэгийг, босогчдыг удирдан төрийн эрхийг гартаа авах буюу цоо шинэ улс гүрэн байгуулж болно. Хүн төрөлхтний маань хамгийн их нээлт шинжлэх ухааны ололт дэвшлүүд дайн байлдаанаар дүүрэн эрин үеийг та ийнхүү өөрчлөх боломжтой боллоо. Улстөрийн тавцанд голлон тоглогч байж дэлхийн нэгдүгээр дайныг та эхлүүлэхгүй байж ч болно. Гайхалтай хэрэг биш үү.
Тоглоом аль хэдийнэ АНУ-д эрэлт ихтэй тоглоомуудын тоонд тооцогдон ашиг орлогоороо толгой цохиод эхэлжээ. Дээр хэлсэнчлэн зөвхөн персонал компьютер дээр тоглох боломжтой ба XP, Vista, Windows7 үйлдлийн системүүд дээр ажиллана.
Intel® Pentium® IV 2.4 GHz эсхүл AMD 3500-гаас дээш CPU-тэй 2 Gb RAM бүхий хүчин чадлыг таны компьютерээс шаардах ба 2 GB сул зайг хард дискнээс тань нэхнэ. Хамгийн чухал нь видео карт тань NVIDIA® GeForce 8800 эсхүл ATI Radeon® X1900 буюу түүнтэй тэнцэх үзүүлэлттэй байх ёстой гэнэ.
Н.Наран