Азийн индексүүд өсөлттэй байлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Азийн индексүүд өсөлттэй байлаа

Монголын Хөрөнгийн биржийн арилжаа, судалгааны алба дэлхийн эдийн засаг болон олон улсын хөрөнгийн биржүүдийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сайтдаа тавьсныг хүргэж байна.

АЗИ: Азийн индексүүд өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Мягмар гаригт Японы Төв Банк нэг хувьтай байсан бодлогын хүүгийн төвшингээ 0-1 хувийн хооронд барьж байхаар шийдвэрлэсэн нь индексийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Мөн иений ханшийн уналтыг сааруулах, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор Ардчилсан намаас таван их наяд иен буюу 60.15 тэрбум ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. 
Ernst and Young аудитын компани IPO-ын зах зээлийг судалж, тайлангаа гаргажээ. Тайланд Азийн IPO-ийн зах зээл дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд үнэт цаас гаргагчдын ам.доллараар хийсэн хэлцэл нь олон улсын зах зээлийн нийт арилжааны 83 хувийг бүрдүүлж,  хуримтлагдсан нийт хөрөнгийн 76 хувийг БНХАУ-ын компаниуд татаж чадсан байна.

ЕВРОП:
Европын гол гурван индекс дунджаар 1,5 хувийн өсөлттэй гарлаа. Японы засгийн газрын иены ханшийг бууруулж, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогыг бусад улсын засгийн газар дагаж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотойгоор Европын гол гурван индекс 1,5 хувийн өсөлттэй гарлаа. Мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүд Европын эдийн засгийн өсөлтөд багагүй нөлөөлсөн байна. Тухайлбал, Германы аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийн түвшин өнгөрөгч наймдугаар сарын байдлаар 3,4 хувиар, Европын ДНБ улирлын дүнгээр 1,9 хувь, жилийн дүнгээр нэг хувь өсч, хөрөнгө оруулагчдын таамаглал биелжээ. Грекийн төсвийн алдагдал, өр шир нь өсөх хандлагатай байгаа ч Moody’s агентлагийн үзэж байгаагаар тус улсын зээлийн рейтинг ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байна.

ОХУ: Гол хоёр индекс дунджаар 1,45 хувиар өслөө. Газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Газпром, Сбербанк, Норильский Никель зэрэг компаниудын хувьцааны ханш өслөө. Энэ өсөлт нь долоо хоногийн эхээр индекс өсөхөд нөлөөлсөн бол сүүлийн өдрүүдэд АНУ-ын ажилгүйдлийн төвшингийн мэдээллээс үүдэн Полюс Золото, Камаз, Соллерс зэрэг компаниудын хувьцааны ханшийг бууруулсан байна.

АНУ: Өнгөрөгч Баасан гаригт АНУ-ын гол гурван индекс дунджаар 1,53 хувийн өсөлттэй хаагдаж, DJIA сүүлийн таван сарын хамгийн дээд түвшинг тогтоож 11,000-аас давсан байна. Долоо хоногийн эхээр ажилгүйдлийн даатгалын мэлээлэл ханш өсөхөд нөлөөлсөн боловч Баасан гаригийн Хөдөлмөрийн биржийн дүнгээс үүдэн эргэн буурчээ.  Холбооны нөөцийн сангаас эдийн засгийг дэмжих үүднээс “Quantitative easing” хөтөлбөрийг хэрэгжүүлэх магадлал өндөр байна гэсэн мэдээлэл үнэт цаасны ханшийн хөдөлгөөнд нөлөөлөв. “Quantitative easing” хөтөлбөр гэдэг нь, Банкны систем дэх мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх зорилготойгоор төв банкнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлогыг хэлж байгаа бөгөөд хөтөлбөрийг мөнгөний нийлүүлэлтийг хянах энгийн бодлого алдагдсан тохиолдолд хэрэгжүүлдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж