Намынхан нь С.Баяр шиг АТГ-ын даргаас урвах болов уу

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Намынхан нь С.Баяр шиг АТГ-ын даргаас урвах болов уу

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаал өнгөрсөн зунжин хуулийн байгууллагуудыг талцуулж бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэхэд хүргэсэн. Тэгвэл өдгөө МАХН, АН-ыг талцуулж УИХ-ын гишүүд өөр хоорондоо ширэв татахад хүргэж байна. УИХ дахь Хууль зүйн байн­гын хороо Тусгай хяналтын дэд хорооны “АТГ-ын удирдлага хууль зөрчжээ” гэсэн дүгнэлтийг дэлгэж байгаад “Ч.Сангарагчаа, Д.Сун­дуйсүрэн нарын бүрэн эрхийг түд­гэлзүүлэх шаардлагагүй” гэж шийд­сэн нь АН-ынхны эгдүүг хүргээд байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэт­гүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хууль зүйн байнгын хороо АТГ-ын удирд­лагуудын эрхийг түдгэлзүүлэх асууд­лыг хэлэлцэхдээ гишүүдээсээ нууцаар санал хураасан нь УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн. Тий­мээс УИХ-аар дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг хойшлуу­лах хүсэлт гаргаад байна. Тэрбээр манай бүлгийн хувьд энэ асуудлыг нууц санал хураал­таар шийдэх ёсгүй гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа” гэсэн юм. Мөн АТГ-ын даргын суу­дал төдий асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын чуулганаас албан ёсоор завсарлага аваагүй гэдгийг онцолж байв.

УИХ дахь АН-ын бүлгийн са­нуулс­наар Хууль зүйн байнгын хороо дахин хуралдахаас өөр ар­га­гүй болсон. Тиймээс ч УИХ дээрх асуудлыг нөгөөдрийн хурал­даанаар хэлэлцэхээр болсон юм. Хууль зүйн байнгын хороо маргааш хуралдаж ил санал хураалт явуул­на. Өнгөрсөн долоо хоногт тус хо­рооны хурлын ирц 17 байжээ. Нууц санал хураалтаар арван ги­шүүн АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн бол долоо нь эсрэг санал өг­сөн мэдээ байгаа. Тэр хуралд МАХН-ын 11 гишүүн, АН-ын зур­гаан гишүүн оролцсон. УИХ-ын гишүүн С.Баяр Хууль зүйн байн­гын хорооны хуралд оролцож на­мынх нь хамгаалаад байгаа Ч.Сан­гарагчаагийн эсрэг санал өгчээ. Тэр­бээр байнгын хорооныхоо ху­ралд анх удаа ач холбогдол өгч ца­гаасаа өмнө суудлаа эзэлсний учир ийм байж. Ч.Сангарагчааг Н.Энх­баярын хүн гэдэг. Мөн МАХН-ын нөлөө бүхий гишүүдийн булхайг халхалж байгаа ч гэх яриа байгаа. Хэрвээ Ч.Сангарагчаа суудлаасаа хөдлөх л юм бол төсвийн хөрөнгө зориулалтын бусаар ашигласан, ажилтнуудаа тагнасан гэх хавтаст хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн байгаа. Ч.Сангарагчаагийн буруутай үйлдлийг нь шүүхээр тогтоож, АТГ-т шинэтгэл хийвэл улстөрчдийн авли­гын зэс нь цухайх учраас албан тушаалыг нь хамгаалж байгаа ч гэх яриа байна. Харин С.Баяр намынхаа эсрэг “хөдөлж” Ч.Сангарагчааг өшиг­лөсөн нь Н.Энхбаярыг өдсөн үйлдэл байж ч мэдэх юм. Нөгөө талаар намынхан нь улайм цайм Ч.Сангарагчааг хамгаалж байгаа нь эгдүүг нь хүргэсэн байж мэдэх. Хууль зүйн байнгын хороонд харъяа­лагддаг МАХН-ын гишүүн С.Баяр шиг Ч.Сангарагчаагийн эсрэг кноп дарвал одоо үүсээд бай­гаа гацаанаас гарах боломжтой. Ха­рин С.Баярыг хасаад МАХН-ын 12 гишүүн гишүүдийн нүүрэн дээр “АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй байна” гээд гэдийчихвэл Ч.Сангарагчааг тойр­сон улстөр, хуулийнхны тэм­цэл үргэлжилсээр байх болно. УИХ-ын шийдвэрийг анаж бай­гаа Улсын ерөнхий прокурор да­раа­гийнхаа мэдэгдлийг тооцож бай­гаа. Бүр Ч.Сангарагчаагийн эсрэг нотлох баримтыг ч дэлгэнэ гэсэн яриа прокурорынхонд байгаа. Ерөн­хийлөгчийн санаачилж, Ерөн­хий прокурорын хэрэгжүүлж эхэл­сэн шүүхийн шинэтгэл Ч.Санга­раг­чаагийн албан тушаалаар чөдөр­лөгдсөн. Тиймээс Улсын ерөнхий прокурор Ч.Сангарагчаад холбогдох хэргийг нэг тийш болгож, хавтаст хэргийг архивлах хүртэл УИХ руу албан бичиг шидэж мэдэгдэл хий­сээр байх нь тодорхой.

Хууль зүйн байнгын хорооны олонхи гишүүн Ч.Сангарагчааг хам­гаа­лан хууль зөрчиж  цаг хожин нууцаар санал хураах зэрэг арга хэрэглэснийг Б.Бат-Эрдэнэ дарга хууль ёсных гэж мэдэгдэж байсан. Гэвч АН-ынхны шахалтаар хэлснээсээ буцаж дахин хурлын тов зарлалаа. Харин намынх нь гишүүд С.Баяр шиг АТГ-ын даргаас урвах болов уу. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж