Улсын Их Хурлын дарга анх удаа есөн алдартны айргийн тавд багтсан нь Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш олон түмнийхээ итгэлийг хүлээн төрийн түшээгээр тасралтгүй сонгогдож парламентын гишүүнээр удаан хугацаагаар үр дүнтэй ажиллах, улс төрд цэвэр явж хатаагдахын үлгэрийг үзүүлсэн тулхтай улстөрч Таны нэр хүндийн илрэл юм гэдгийг уг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэллээ.
Түүнчлэн Д.Дэмбэрэл УИХ-ын дарга болсноос хойш гишүүдийнхээ ёс зүйд ихээхэн анхаарч тэднийг ёс зүйн дүрэмтэй, энэ асуудлыг хариуцсан Дэд хороог бүрэн бүрэлдэхүүнтэй, эрх зүйн орчинтой болгосон. Албан тушаалтнууд, ялангуяа төр, засгийн шийдвэр гаргах төвшинд өндөр алба хашиж буй хүмүүс алдаа гаргавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг хэрэгжүүлэхэд Дэмбэрэл даргын үед УИХ томоохон алхам хийснийг олон нийт үнэлж буйн илрэл гэдгийг тодотгож байв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оны алдартны өргөмжлөл гардаж аваад хэлэхдээ, арван жил дараалан зохион байгуулсан энэхүү уламжлалт шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлөх төрөл бүрийн ажил, мэргэжлийн хүмүүсийн саналаар нээлттэй, ил тод явуулдгийг нь онцлоод УИХ-ын даргыг оны алдартнуудын нэгээр шалгаруулсан нь Монголын төр, тэр дундаа УИХ-ын үйл ажиллагааны үнэлэмж, тэр нь тодорхой хувь хүн, парламентын удирдлагаар илэрч буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр төрд шударгаар ажиллах нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааны суурь зарчим юм гэдгийг онцлоод УИХ улс орны хөгжлийг түргэтгэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажилгүйдлийг бууруулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтын жил бүр нэмэгдүүлж байна. Хэдийгээр ойрын жилүүдэд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч гэлээ УИХ, Засгийн газраас цаг үеэ олсон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд бид хямралыг давж чадлаа. Гэхдээ улс орондоо ашигтай, нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнтэйгээр хямралыг давж, санхүүгийн ихээхэн нөөц бий болгож, улс орныхоо хөгжлийн хурдцыг улам ахиулах боломж олж авч чадсан нь бидний гол ололт юм. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа нь улс орныхоо эдийн засгийн өсөлтийг бий болгосон, иргэдийнхээ нийгмийн бодлогод анхаарал хандуулж ахиц дэвшил гаргасан, парламентат ёсоо улам бэхжүүлэх боломжийг хангасан он жилүүд байх болно гэлээ.
Тэрбээр энэ удаагийн парламентын нэг онцлог нь цөөнхгүй байгаа явдал юм гэдгийг дурьдаад энэ орон зайг нөхөхийн тулд УИХ-ын удирдлагын зүгээс гишүүддээ тавих шаардлага, хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч байна. УИХ-ын гишүүдийг ёс зүйн дүрэмтэй болгосон, Ёс зүйн дэд хорооны дүрмийг баталж дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн, УИХ-ын гишүүдийн гадаадад зорчих журмыг шинэчилсэн, түүнчлэн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг нь энэ орон зайг нөхөх шаардлагаас үүдэлтэй юм. Мөн ийм үед УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл, мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод тус сонины хамт олонд уран бүтээлийн амжилт, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.
“Өнөөдөр” сониноос шалгаруулсан бар жилийн алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, гавьяат тамирчин С.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.