Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Армийн баг Америкт

Олны анхаарлын төвд улирал эхлэхээс өмнө аль хэдийнэ ороод байгаа “Майами Хит” өнөөдөр хойд хөршийн шилдэг баг “ЦСКА Москва”-тай талбайдаа тоглохоор болжээ. Орчин цагийн их гурвалыг үүсгээд байгаа Майами энэ тоглолтонд хожих магадлал өндөр ч ЦСКА Европын шилдгүүдийн нэг. Майамигаас Европын багийн сайн тоглолтыг өмнө нь амссан хүн бол Крис Бош. Түүний хувьд 2005 оны аравдугаар сард “Торонто Рэпторс” багт байх үедээ Израилийн топ баг болох “Маккаби Тель Авив”-т хожигдож байсан. Бош ч энэ тоглолтын талаар “Бид хянамгай байх хэрэгтэй. Хэн ч Европын багт хожигдохыг хүсэхгүй, ялангуяа талбайдаа. Бид ялахыг хүсч байна” гэсэн мэдэгдлийг хийжээ.
Оросын армийн төв клуб “ЦСКА” энэ жил Евролигийн хагас шигшээд Испанийн “Барселона”-д ялагдсан. Харин “Барса” хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн жилийн аварга “ЛА Лейкерс”-ийг хожсон билээ.
Оросын багт Америкийн тоглолтын арга барилыг сайн мэдэх хэд хэдэн тоглогчид байгаа. Алдарт Дьюкийн их сургуулийн од Траяан Лэнгдон, “Майами Хит”-ийн холбогч Марио Чалмэрсийн коллежийн анд Саша Каун, Орос болон АНУ-ын давхар иргэншилтэй Жон Робэрт Холден нар тус багийн бүрэлдэхүүнд багтана. Тэдэн дээрээс нэмэгдэн Европ тивийн сүүлийн 10 жилийн шилдгүүдийн нэг Рамунас Шишкаускас тэдний гол хүч.
Леброн Жэймс, Крис Бош нар энэ тоглолтонд тоглох бол Двейн Уэйд шөрмөсний гэмтлээсээ болж тоглохгүй байх магадлал нь өндөр байгаа ажээ.
Нарлаг Майамид тоглочихоод “ЦСКА” Оклахома Сити болон Кливлэнд хотуудад тоглолт хийх болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж