
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр заавал даатгалд хамрагдах юм байна. Улсын хэмжээнд одоо 400 мянга гаруй иргэн даатгалд хамрагдаагүй байгаа. Шинэ хууль батлагдан гарснаар тэр бүгд даатгалд хамруулах гэнэ. Мөн хууль шинэчлэгдэн батлагдсанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын маш том реформ хийгдэнэ. Тодруулж хэлбэл, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт үйлчилгээ авсан иргэний эрүүл мэндийн даатгалын мөнгийг шилжүүлэх бол, чанаргүй үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт тухайн үйлчлүүлэгчийн даатгуулагчийн мөнгийг шилжүүлэхгүй. Энэ нь цаашдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо чанартай үйлчилгээ руу шилжих алхам хийгдэхийг онцолж байна. Түүнчлэн одоо үйлчилж байгаа хуулиар төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг иргэдийн хувьд эмнэлэгт хандах нь хамгийн өндөр аж. Тухайлбал, ахмад настнуудын эрүүл мэндийн даатгалд зориулж төр жилдээ 6000 төгрөгийг төлдөг. Гэтэл ахмад настан нь ганц удаа эмнэлэгт хэвтээд гарахдаа 200 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэдээс хуримтлагдсан мөнгийг төрөөс даатгалыг нь хариуцдаг хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлж эмчилсээр дуусдаг аж. Тиймээс шинэчилсэн хуулиар энэхүү шударга бус хуваарилалтыг өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурь баримтлах гишүүн ч байлаа. Тоон үзүүлэлт дурдвал Эрүүл мэндийн даатгалын санд жилдээ 80.7 тэрбум төгрөг төвлөрдөг байна. Үүний 10 тэрбум төгрөгийг төрөөс олгодог. Харин үлдэж байгаа 70 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр эрхлэгчид болон ажил олгогчид бүрдүүлдэг аж. Тиймээс энэхүү шинэчилсэн хуулиар хувь хүнийх нь өөрийнх нь төлсөн мөнгөний хэмжээгээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болох тэр сонгодог тогтолцоо руу шилжүүлэхийг эрмэлзэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэллээ.
Г.Дарь