
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Н.Солонго хүртэл Б.Хурцын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өгөхөөс зайлсхийж байна. Хэрэв Б.Хурцыг баривчилсан улсын хуульд манай улсын Эрүүгийн хуулийн 41.1-д заасны дагуу “Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалт байдаг бол Б.Хурцыг биш харин тухайн үед Б.Хурцад тушаал өгсөн дарга тагнуулчийг олж шалгах шаардлагатай болж байгаа юм. Тэгвэл манай улсад шургасан энэ зууны гайгүй сайн тагнуулчийг Англи улс илрүүлчих юм биш байгаа гэсэн бодол төрж байна.
Б.Хурцыг золионд гаргах нь хэнд ашигтай вэ. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа болохоор л түүнийг ингэж өөд уруугүй балбаж байгаа хэрэг. Б.Хурц эх орондоо ирвэл цөөнгүй хүмүүсийн суудалдаа үлдэх эсэх нь шийдэгдэнэ хэмээн жиг жуг гэлцэж эхэллээ. Улс төрийн хоёр намынхан бие биеэ Б.Хурцаар далимдуулан жадалж байна. МАХН-ынхан Б.Хурц бол Ц.Элбэгдоржийн хүн. Тиймээс Б.Хурцын хэргээр далимдуулан төрийн тэргүүний нэр хүнд, тэр тусмаа АН шавар шавхайтай хутгалдах юм байх. Ингэж хэлэх нэгэн байхад зөрүүлээд Б.Хурцад үүрэг өгч, хүн хулгайлуулсан хүн нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэж, тэртэй тэргүй намнуулж дуусаад байгаа түүнийг улс төрийн тавцангаас нь бүрмөсөн зайлуулах сонирхолтой нөгөө нэг хэсэг бий гэх. Тэд МАХН-ынхан албан тушаал, ашиг хонжооны төлөө хэнийг ч золиослоход бэлэн гэдгийг олон нийтэд мэдрүүлэхийг хичээж буй юм гэнэ. Юутай ч Б.Хурц гэдэг тагнуулчаар дамжуулан улс төрийн тоглолт хийгсэд улс орны нэр нүүрийг дэлхий дахинаа унагаж, төрийн нэр хүндийг долоон уул давуулан шидэж орхив бололтой. Бид жижиг сэтгэдэг улс юм. Бид ийнхүү тоосноосоо бусгаж, толгойгоороо тоглож байх зуур өөр ашиг сонирхлын бүлгийнхэн ч хөдөлгөөнд орсон сурагтай. Б.Хурц тагнуулчаар барьцаалж “Рио Тинто”-гийнхон хөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж нэг хараач гэх ухааны юм ч ярьж, шантаажилж байна гэсэн байх шүү. Худлаа л байгаасай.
Б.ОЮУ.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.