Улаанбаатар хотод ихэнх үсчингүүд хуанлийн ажлын өдрөөр биш Тэрбиш гуайн цаглабар дээр байдаг үс авахуулахад сайн, муу өдрүүдийг баримтлан бизнесээ хийдэг болоод нилээд удаж буй. Зурхай харж үсээ засуулдаг найзуудаасаа асуухаар муу өдөр засуулахаар нэг л эвгүй байдаг юм аа гээд үнэн сэтгэлээсээ хэлэх юм. Нөхдийн үсээ засуулдаг өдөр нь эрхтэн хурц болно, жаргал үргэлжид ирнэ гэх мэтийн өдрүүд байх. Тэр өдрүүдээр нь үсчингүүд пиг байдаг юм байх. Сард нэг удаа эрхтэн юугаан хурцалж, жаргал юугаан үргэлжид дуудаж байгаа тэднийг жаахан удаан хугацаанд ажиглахад хувийн амьдралд нь ялгаа гарч буй зүйл харагдахгүй л байдаг юм. Ёстой сайн явах санааных, амны билгээс ашдын билэг л гэдэг байх даа. Зөнч нарын тухай саяхан бас энд бичиж байснаас гадна шашны тухай нилээд хэдэн жилийн өмнө өөрийн бодлоо энд сийрүүлж байв.
Анхны харцаар дурлалцан хайр сэтгэл юугаараа холбогдон нэг гэрт орох шахах үедээ ивээл жилтэй хүн нь биш гэдэг шалтгаанаар миний мэдэхийн хоёр ч хос амьдрал зохиож чадаагүй. Хайр сэтгэл тэгэхээр анхны харцаар бус арван хоёр жилийн нэгнээр нь зохицуулагддаг байх нь. Саяхан сонссон үнэн хөгжилтэй боловч жигшмээр жишээ бол бодит явдал билээ. Монголын маань нилээд том банкны салбарын захирал өөртэй нь харш жилтэй хэмээх шалтгаанаар тус банкин дээр бузгай сайн дадлага хийж дуусгаад ажилд орох бүхий л шалгуурыг нь хангасан залууг ажилд авахыг татгалзжээ. Шалтгаанаа яг ингэж хэлсэн гэж байгаа юм. Хүний нөөцийн удирдлага гээд том шинжлэх ухаан байдаг даа уул нь. Энэ янзаар бол тун удахгүй байгууллагуудын ажилд орох хүсэлтийн маягт дээр төрсөн жил, орд гэсэн асуултууд дурайж байвал гайхах зүйлгүй болох нь. Аав минь бурхан болохоосоо өмнө чандарлаарай гэж захисан юм гэсэн. Гэсэн лам үзээд тэгж болохгүй ээ, зохихгүй нь ээ гэсний дагуу гэр бүлийнхэн маань захиасыг нь биелүүлж чадаагүй. Гэсэн ч миний хувьд аавын минь өөрийнх нь хүсэл одоо ч хүртэл эрхэм байдаг юм.
Харин ч усанд орвол буян арилна, зураг авахуулбал нас богино болно гэх мэтийн өчнөөн “стандарт”-ууд өдгөө бараг байхгүй болж халуун ус, сауны газрууд энд тэнд цэцэглэн хөгжиж, зургийн аппарат борлуулдаг компаниуд асар их борлуулалттай ажиллаж байгаа нь бидний зол билээ. Саяхан мессенжерээр хөгжилтэй зүйл ирж билээ. Тэр нь "Сайн далдыг харагч, мундаг зөнчийг маш өндөр цалинтай ажилд авна. Өөрөө мэргэлээд олоод даруйхан ирж уулз" гэсэн.
Үүнтэй холбоотой нэгэн гадаад түншийн маань саяхан хэлсэн үг нь толгойд бууж байнам. Миний ямар нэгэн шашин шүтдэг үү гэсэн асуултанд тас тас инээнгээ “I am too busy to believe in any religions” гэсэн бөлгөө. Үнэхээр ч бидний цөөхөн Монголчуудын зарим нэгний хийх ажил нь арай л багадаад байгаа мэт.