Монгол Улс Европын холбооны хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Монгол Улс Европын холбооны хуралдаан болов

Монгол Улс, Европын Холбооны хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Хуралдаанд Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй Гадаад харилцааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид оролцсон бол Европын Холбооны талаас Европын Комиссын Худалдааны Ерөнхий газрын хэлтсийн дэд дарга А.Паренти тэргүүтэй Европын Комисс болон Бээжин дэхь Европын Комиссын төлөөлөгчийн газрууд ажилтнууд оролцлоо.

Дэд хорооны хуралдаанаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Монгол Улсын аж үйлдвэр, уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулчлалын салбарын хөгжил, Европын Холбоотой хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар мэдээлэл, санал солилцлоо. Монгол Улсын эдийн засаг, экспортод чухал үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн салбарын хөгжил, эрх зүйн орчныг Европын Комиссийн төлөөлөгчид ихээхэн сонирхож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эрх зүйн тогтвортой орчин нэн  чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар явагдаж буй хэлэлцээний явц, үр дүн, цаашдын алхмын  талаар хоёр тал байр сууриа илэрхийллээ. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгах Түүхий эдийн худалдааны асуудлаарх заалтын талаар хоёр тал урьдчилсан тохиролцоонд хүрсэн нь энэхүү хуралдааны томоохон амжилт боллоо.  

Түүнчлэн Европын Комиссийн төлөөлөгчид түүхий эдийн худалдааны асуудлаар Европын Холбооны хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлж, түүхий эдийн экспортод учирч буй хориг саадыг багасгах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасах чиглэлээр Европын Комиссийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, явцын талаар Европын Комиссийн төлөөлөгчид мөн мэдээлэл хийж, Монгол Улсад зах зээлийн эдийн засагтай орны статусыг аль болох ойрын хугацаанд олгох талаар хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.  

Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар  хуралдаанаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар мөн энэ өдөр болох Монгол- Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд танилцуулж, эл Хуралдаанаас гарах баримт бичиг болох Хамтарсан мэдэгдэлд тусгах юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж