“Universe best songs-2011” уралдаант наадам ирэх долоо хоногийн баасан гаригаас эхлэн “UBS” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдаант наадам энэ жил “Чин сэтгэлээсээ инээмсэглэцгээе” уриан дор болж, 16-82 насны нийт 800 гаруй авьяастан эхний шатанд бүртгүүлсэн байна. Энэ удаагийн уралдаанд Монголын авьяастнуудаас гадна ОХУ, БНХАУ, Өвөрмонгол, ОХУ-ын Буриадын авьяастнууд оролцох аж. Тэмцээн уламжлал ёсоор дөрвөн үе шаттайгаар гурван сарын турш үргэлжилнэ. Оролцогчид нэгдүгээр шатандаа ямар нэг хөгжимгүй дуулах ба хоёрдугаар шатны шалгаруулалтаас эхлэн хөгжим, фонограммтай, харин гуравдугаар шатандаа үзэгчтэй оролцох юм. Оролцогчдод Нэгдсэн Үндэсний Байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн зургаан хэл болох англи, франц, испани, орос, араб, хятад болон солонгос зэрэг түгээмэл хэлээр дуулах шаардлагыг тавьж байгаа аж. “Universe best songs-2011” уралдааны шүүгчээр “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгион, гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа, хөгжмийн продюсер Р.Рагу нар уламжлал ёсоор ажиллах юм байна. Ээлжит уралдааны хөтлөгчөөр мөн “UBS” телевизийн хөтлөгч Д.Одгэрэл, Э.Гантулга нар ажиллана.
Харин уралдааны нэгдүгээр байрын ялагч гурван сая төгрөг, мэргэжлийн дуу бичлэгийн студид бичлэг, клип хийлгэх, мөн Холливудыг үзэх эрхийн эзэн болох бол хоёрдугаар байранд шалгарсан оролцогч хоёр сая төгрөг, мэргэжлийн дуу бичлэгийн студид бичлэг хийлгэх эрх, гуравдугаар байр эзэлсэн оролцогч нэг сая төгрөг клип хийлгэх эрхийн эзэн болох нь ээ. Мөн “World Korea Group”-ийн зүгээс шилдэг 25 оролцогчийн нэгийг тусгай байранд шалгаруулан Солонгос улсад бүтэн жил суралцуулах эрхийг гардуулах ажээ.
Дашрамд дуулгахад тэмцээний албан ёсны сайтаар “Мобиком”-ын “BE” брендийн be4u.mn сайт ажиллах бөгөөд тус сайтаар нэвтрүүлгийн бүх дугаар, оролцогчдын танилцуулга, сонирхолтой фото зураг зэрэг олон материалуудыг онлайнаар шууд хүлээн авах боломжтойг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус наадмын зохион байгуулах комисс дуулгалаа.
А.Зул