Бразилийн волейболчид дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Бразилийн волейболчид дэлхийн аварга боллоо

Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Бразилийн волейболчид Италийн нийслэл Ром хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд залуу, авьяаслаг тамирчдаар багаа бүрдүүлсэн Кубын шигшээг 3-0 (25:22, 25:14, 25:22) харьцаатай хожсоноор ДАШТ-ээс гурав дахиа дараалан аваргын алтан медаль хүртлээ. Өмнөх хоёр дэлхийн аваргад /2002 болон 2006 онд/ дараалан түрүүлж байсан Бразилийн шигшээ баг анх удаа дэлхийн аваргын финалд Кубын багтай таарч тоглосон нь энэ байв. Гэхдээ өмнө нь тус хоёр баг нийт 49 удаа таарч тоглосон бөгөөд бразилчууд ийнхүү 27 дахь хожлоо авчээ.

Бразилийн шигшээ багаас Гиба, Данте болон Родриго нар ийнхүү гурван дэлхийн аваргад оролцож, гурвантаа түрүүлсэн агуу амжилтын эзэд болсон юм.

Дэлхийн аваргын туршид Бразил болон Кубын багууд нийт есөн тоглолт хийснээс хоёул долоо хожиж, хоёр хожигдсон. Ингэхдээ эхний шатанд Кубын шигшээ 3-2 (34:32, 18:25, 23:25, 25:21, 15:12) харьцаатай Бразилийг хожжээ. Дэлхийн аваргад хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Кубын шигшээ ийнхүү мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт баг болсон юм.

Түүнчлэн 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Серби болон зохион байгуулагч Италийн багууд тоглож, тоглолт 3-1 (25:21, 25:20, 26:28, 25:19) харьцаатай Сербийн багийн ялалтаар өндөрлөжээ.

Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон баг тамирчдаас Бразилийн шигшээ багийн тоглогч Мурило Эндрас тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн Испанийн Ибан Перез хамгийн олон оноо авсан тоглогчоор тодорсон бол АНУ-ын Клейтон Стэнли шилдэг давуулагч, ОХУ-ын Максим Михаилов шилдэг довтлогч, Кубын Робертланди Саймон шилдэг хамгаалан тоглогч, Сербийн Никола Грбич шилдэг холбон тоглогч, мөн Германы Фердинанд Тилле шилдэг чөлөөт тоглогчийн шагналыг хүртсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж