Надаль Japan Open-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Надаль Japan Open-д түрүүлэв

Дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надаль ATP-500 ангилалд багтах Japan Open тэмцээний финалд Францын теннисчин Гейл Монфилсийг дараалан хоёр сетэд буулган авснаар улирлын долоо дахь цомоо хүртлээ. 2010 онд “Их дуулга”-ын гурван цом хүртсэн тэрбээр өрсөлдөгчөө 6-1; 7-5 харьцаатай хожсон байна. Надаль тэмцээний дараа “Цом хүртэнэ гэдэг миний хувьд маш чухал. Би энэ улирлыг сайн амжилттай дуусгахыг хүсч байна, харин түрүүлж, цом хүртэнэ гэдэг үнэхээр төгс төгөлдөр төгсгөл. Тиймээс ч би маш их баяртай байна. Мэдээж аливаа тэмцээнд түрүүлнэ гэдэг амаргүй даваа биш” хэмээн ярьжээ.

Эрэгтэй талбайн теннисчдийн хувьд энэ улирлын хамгийн сүүлийн бөгөөд чухал тэмцээн болох ATP World Tour Finals тэмцээн ирэх сарын 21-28-ний хооронд Лондон хотноо болох учиртай. Харин тус тэмцээнд оролцох эрхийг ердөө гурван теннисчин авсны нэг нь Надаль юм. Тус тэмцээний талаар Надаль “миний хувьд хамгийн хүнд тэмцээн” гэжээ.

Надалийн дараагийн тэмцээн нь энэ долоо хоногт Шанхай хотноо болох АТР-1000 ангиллын тэмцээн ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж