“Хэсгийн байцаагч-2010” дүнгээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Хэсгийн байцаагч-2010” дүнгээ гаргалаа

Нийслэлийн цагдаагийн газрын харъяа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчдын хууль эрхийн мэдлэгийг сайжруулах, асуудалд бодитой хандах чадварыг бататгах, ажил мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хэсгийн байцаагч-2010” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар энэ сарын 9, 10-нд Цагдаагийн академи дээр  зохион явууллаа.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дашдэмбэрэл ахлагчтай “Арцат” баг тэргүүлж, цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батзул ахлагчтай “Тамир” баг дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү ахлагчтай “Илч” баг гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртжээ. Тэмцээнд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багануур, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн найман баг, тамирчид оролцож, нэгдүгээр үед мэндчилгээ, гэрийн даалгавар, тест бөглөх, бодлого бодох, багийн ахлагчийн асуулт, тэргүүний хэсгийн байцаагчийн ажлыг сурталчлах, хоёрдугаар үед тусгай цогцолбор тэмцээн автомашин, мотоцикль жолоодох, дүүжин, суга савлуурт явах, гир өргөх, хийн буугаар буудлага хийх зэрэг 12 төрлөөр эн тэнцүү өрсөлджээ. Түүнчлэн тэмцээнд оролцож буй алба хаагч, хөгжөөн дэмжигч, цагдаагийн хэлтсүүдийн зохион байгуулалт, дэг журам, сахилга ёс зүйг харгалзан дүгнэсэн байна.  

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж