“Google” өөрөө явдаг машин туршиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Google” өөрөө явдаг машин туршиж эхэллээ

Google компанийн инженерүүд Калифорни мужийн гудамжаар өөрийгөө удирдан жолоодох чадвартай, өөрөөр хэлбэл, өөрөө явдаг машин туршиж буй тухайгаа мэдэгдлээ. Энэхүү машин нь дээврийн хэсэгт байрлуулсан видео камер, радар мэдрэгч болон бусад тээврийн хэрэгслийг харж, хянахад зориулсан орчны зай мэдрэгч лазерийн тусламжтайгаар өөрөө явдаг талаар тус компанийн инженер Себастьян Трун ярьсан байна. Ноён Турин Стэнфордын их сургуулийн компьютерийн шинжлэх ухаан болон цахилгааны инженерийн тэнхимийн профессороор ажилладаг ажээ.

Гэхдээ туршилтын үеэр компанийн зүгээс тусгай бэлтгэгдсэн жолоочийг машинд суулгасан гэнэ. Ноён Трун Google компанийн албан ёсны блогт бичсэнээр өөрөө явдаг машин зам дээр нийт 140 мянган миль буюу 225 мянга гаруй км замыг туулаад байгаа ажээ. Тэд Сан Францискогийн алдарт “Golden Gate” гүүр, хамгийн налуу, уруу замууд болон Google компанийн оффисийн байрнуудын хооронд багагүй зам туулсан байна.

Google-ийн мэдэгдсэнээр энэхүү өөрөө явдаг, “ухаалаг” машин нь замын түгжрэлийг бууруулж, авто ослын тоог багасгахад эерэг нөлөө үзүүлэх гэнэ. WHO буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жилд дунджаар 1,2 сая хүн авто ослоор таалал төгсдөг байна. Харин Труны онцлон тайлбарласнаар энэхүү төслийн нэн түрүүнд тавигдаж буй чухал шаардлага бол зорчигчийн аюулгүй байдал гэнэ. Төслийн талаар тэрбээр “Бидний энэхүү шинэ технологи авто ослын тоог бууруулах, бүр тал хүртэлх хувиар бууруулж чадна гэдэгт найдаж байгаа. Хэдийгээр бидний төсөл туршилтын шатандаа үргэлжилж байгаа ч компьютерийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй энэ эринд ирээдүйн тээврийн хэрэгслүүд ямар байх төсөөллийг бий болгож байна” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж