С.Дэлгэрмөрөн хүүд тусламж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

С.Дэлгэрмөрөн хүүд тусламж хүсч байна

Сайнжаргалын
Дэлгэрмөрөн таван нас хүрсэн ч, ясны эмгэг өвчний улмаас өнөөг хүртэл
хөлд орж амжаагүй ажээ. Үеийнх нь хүүхдүүд гадаа, гэртгүй үсэрч харайн
тоглох бол хүү өдрийн турш гэрийнхээ хойморт бөгсөө чирэн мөлхөнө.
Хүүхэд л юм болохоор үе тэнгийнхнийхээ нэгэн адил тоглох хүсэл байвч,
эцэг, эхийнхээ оролцоогүйгээр зогсож ч  үл чадах тул хоёр нүднээсээ
нулимс дуслуулан, “Би тогломоор байна шүү дээ” гэдэг гомдлын үг хэлэн
тунирхаж орилохоос цааш яалтай ч билээ. Эвгүй хөдлөхөд л нуруу, нугас нь
өвдөнө, цаг агаар муудахад ч бас л аймшигтайгаар янгинаж өвддөг тул
хүүхдийнхээ өмнөөс өвчинг нь авч, өөрсдөө өмнөөс нь өвдмөөр санагдах үе ч
эцэг, эхэд нь олонтаа тохиолддог байна.

Харин өнгөрсөн есдүгээр
сарын 26-нд БНСУ-ын Улсан хотын Дун дүүрэгт орших “Улсан хот” нэртэй
эмнэлгээс эцэг, эхэд нь захидал ирж,  “С.Дэлгэрмөрөнг эмчлэх боломжтой
нь шинжилгээний хариугаар баталгаажлаа. Та бүхэн зөвшөөрвөл, хүүхдээ
хагалгаанд оруулж,  эмчлүүлье гэсэн хүсэлтээ ирүүлнэ үү” гэжээ.
Хагалгааг хөнгөлөлттэй нөхцлөөр хийхэд зөвхөн эмчилгээний зардалд 10 сая
500 мянган вонн, монгол төгрөгөөр 12 сая төгрөг орчим, дээр нь БНСУ-руу
зорчих, буцаж ирэх, гадаадад эмчилгээнд ортлоо байх газрын зардал гээд
тооцохоор монгол төгрөгөөр 20 сая орчим төгрөг шаардлагатай болжээ.
Тиймээс С.Дэлгэрмөрөн хүүгийн эцэг, эх нийт монголчууддаа хандан,
тусламжийн гараа сунгахыг хүсэн, манай редакцид хандсаныг бид ийнхүү
уламжилж байна.

Монгол-Солонгосын дорны анагаах ухааны төв нь
БНСУ-ын Улсан хотын Дун дүүргийн “Улсан хот” нэртэй энэхүү эмнэлэгтэй 
2007 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоож, ясны төрөлхийн болон олдмол 
гажигтай хүүхэд, насанд хүргэгчдийг хагалгаанд оруулж эмчлэхэд хамтын
ажиллагаагаа чиглүүлсээр иржээ. Ийм өвчтөнгүүдэд тус эмнэлгийн эмч
доктор Жу Хён У үзлэг хийдэг байна.  Зарим нөхцөлд хагалгааны зардлыг
цаад талаас 100 хувь даадаг ч, энэ удаад С.Дэлгэрмөрөнд хөнгөлөлттэй
нөхцлийг  тавьжээ. Хагалгааг энэ сардаа багтаан хийх тул хүүгийн эцэг,
эхэд маш яаралтай эмчилгээний зардал хэрэгтэй болоод байгаа нь энэ юм.
Одоо энэ гэр бүл Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдарч байна. Эцэг
Т.Сайнжаргал нь аймгийнхаа Эрчим хүчний салбарт жолооч, ээж О.Даариймаа
нь “Орхон цогцолбор” дунд сургуулийн бага ангийн багш. Тэд өнгөрсөн
хугацаанд хүүхдийнхээ эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг олох гэж
хашаа байшингаа зарахаар зар тавьсан ч, худалдаж авах хүн өнөөг хүртэл
гарч ирээгүй байгаа гэнэ. Мөн ах дүү нараасаа тусламж хүссэний зэрэгцээ
аймгийнхаа Боловсрол, соёлын газарт ч ханджээ. Бас өнгөрсөн долоо хоногт
Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү,
З.Энхболд, Д.Зоригт, Д.Лүндээжанцан нарт хандан захидал илгээсэн бөгөөд
нааштай хариу ирүүлнэ гэсэн итгэлээр харж сууна.

Тэд хүүхдээ
мөлхөж эхлэх үеэс  бие нь нэг л биш байгааг мэдэж, Монголын бүхий л сайн
гэсэн  эмч,  бариачид  ханджээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд нэг
сар эмчилгээ хийлгүүлсэн  ч тусыг эс олжээ. Харин тус төвийн эмч
“С.Дэлгэрмөрөн төрөлхийн ясны өвчтэй болох нь батлагдлаа. Ийм өвчин маш
ховор тохиолддог, Монголд эмчлэх боломжгүй, гадаад эмч нарт л хандахаас
аргагүй байна даа” гэсэн захиасыг хэлжээ. Эцэг, эх энэ үеэс сураг
тавьсаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо ирсэн
БНСУ-ын “Улсан хотын” эмчид хүүхдээ үзүүлж, бүх төрлийн шинжилгээг
өгснөөр “Хүүхдийг тань эмчлэх боломжтой нь шинжилгээний хариу нотоллоо”
гэсэн баярт мэдээг хүлээн авсан нь энэ аж. Олон жилийн турш хүүхдээ яаж
хөл дээр нь босгох вэ гэж зүүд мөрөөдөл болон явахдаа очоогүй оточ,
хандаагүй эмчгүй болоод байсан эцэг, эхийн хүсэлтийг уншигч та бүхэн
ойлгосон гэдэгт найдаж байна.  Олны дэм оломгүй далай гэдэг мэргэн үг
биеллээ олж, Монголын маань нэгэн нуган үр эрүүл болох тэр өдөр удахгүй
гэж найдъя.

 Харин уншигч та хүүгийн эцэг, эхтэй холбогдохыг
хүсвэл 99866717, 98639968 дугаар руу залган, илүү дэлгэрэнгүй мэдээлэл
авах боломжтойг дуулгая. Бас нэг зүйлийг уншигчиддаа сануулахад
С.Дэлгэрэнмөрөн хүүгийн зургийг www.news.mn вэб сайтдаа энэхүү
мэдээлэлтэй цуг тавьж чадаагүйдээ хүлцэл өчье. Эцэг, эх нь бидэнд энэхүү
хүсэлтээ уламжлахад нь хүүхдийнхээ зургийг майл хаягаар явуулахыг
хүссэн ч хөдөө нутагт хараахан энэ боломж бүрдээгүй байгаагаас илгээж
чадаагүй болохыг ойлгоно уу. Монгол түмний минь сэтгэлийн их дэм,
дэмжлэг харамгүй арвин байг.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж