Үл мэдэгдэх нисдэг биетүүд

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Үл мэдэгдэх нисдэг биетүүд

Сүүлийн саруудад Урд хөршид UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүд хэд хэдэн удаа үзэгдэж агаарын тээврийн нислэгүүдэд хүндрэл учруулж байгаа гэсэн шуугиан дэгдээд байгаа. Энэ талаарх мэдээллийг бид тухай бүрт нь хүргэж байсан бөгөөд энэ удаад мэдээллийг дахин тоймлож байна.

ҮМНБ анх долдугаар сарын 8-нд Хангжоу хотын Сиаошань олон улсын нисэх онгоцны буудалд үзэгдэж төвөг учруулсан гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг нисэх буудлын ойр хавьд байрлаж таарсан Агаарын цэргийн хүчний баазынхан туршилт явуулж байсан хэмээн мэдээлэлийг няцааж байсан билээ. Дараагаар нь Шин-Жианд дахин үзэгдсэн гэх мэдээллийг мөн л тийрэлтэт сум буюу пуужингийн туршилт гэж байсан. Си-чуанд мөн л хэд хэдэн удаа харагдсан гэх боловч зурган чимэглэл хийсэн цаасан шувуу ч байж болох юм хэмээн ярилцаж байсан аж.

Гэтэл есдүгээр сарын 11-ний 20:00 цагийн үед, энэ удаад Өвөрмонголын хамгийн том хот болох Баотоугийн нисэх онгоцны буудалд дахин харагджээ. Гэрчүүдийн хэлж байгаагаар Баотоу онгоцны буудлаас гурав орчим километрийн зайд хурц тод гэрэл анивчиж байснаа гэнэт алга болсон гэнэ. Нисдэг биет үзэгдэхээс өмнө онгоцны буудалд Хөх Хотын агаар менежментийн хэлтсээс “Үл мэдэгдэх нисдэг биет илэрлээ” гэх мэдээлэл иржээ. Нисэх буудлын ажилчид аюулгүй байдлыг баримталж, нисэх буудлаа хаан Бээжин, Шанхай болон өөр нутгуудаас чиглэн ирж байсан таван нисэх онгоцныхонд буухыг хориглосон дохио өгчээ. Тэдгээр онгоцуудын гурав нь буулгах дохио хүлээн нисэх биетийг алга болтол хотыг тойрон эргэж байсан бол бусад хоёр онгоц ойролцоох хотуудын нисэх буудалд газарджээ. Баотоу нисэх буудлынхан тухайн өдрийн  22:00 цаг хүртэл хэвийн ажиллагаандаа ороогүй байна.

Энэ нь сүүлийн дөрвөн сард найм дахь удаагийн үл мэдэгдэх нисдэг биет илэрсэн гэх мэдээ юм.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж