Төрөх эмнэлгүүд ачаалал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Төрөх эмнэлгүүд ачаалал ихтэй байна

Эрүүл мэндийн яамнаас эмч эмнэлгийн ажилтнуудтай нэг өдөр зэрэгцэн ажиллах боломжийг олгосон юм. Ингээд манай сурвалжлагчийн Гуравдугаар төрөх газар хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай мэргэжлийн бус хүн танилцана гэдэг амаргүй  юм. 12 настай охин үр хөндүүлж, 34 настай бүсгүй 22 удаа үр хөндүүлсэн гэнэ.   Төрөх тасгийн эмч нар нойр хоолгүй зүтгэж, ааштай нэгэнд нь адлуулах нь энүүхэнд юм билээ. “Хичнээн эмчилгээ хийгээд ч өөрөө сайн дүлэхгүйн улмаас төрөлт удааширдаг. Гэтэл энэ бүгдийн буруутан нь  эмч болдог”хэмээн эмч нар учирлаж байсан. Тус эмнэлэгт 15 цаг болоход  14 хүү, зургаан охин шинээр мэндэллээ.  Ингээд амаржсан эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Н.Анхцэцэг: Бурхны хайр хишиг харамгүй ирлээ

-Намайг Н.Анхцэцэг гэдэг 22 настай . Монгол Улсын боловсролын их сургуулийн IV дамжааны оюутан. Анхны төрөлтөөрөө хоёр хөөрхөн хүүтэй болсондоо маш их баярлаж байна. Манайх ихрийн удамтай.  Дөрвөн сартай байхад нь эход харуулахад ихэр гэж хэлсэн ч итгэхгүй байсан шүү. Ээж болох үнэхээр сайхан юм аа. Надад хамгийн түрүүнд хань маань баяр хүргэсэн.  Эмч нар маань ч их  баярлаж байна лээ.  Алтан гартай эмч нарын буянаар хоёр хүүгээ эсэн мэнд өлгийдөн авлаа. Одоо сайн хүн болгон хүмүүжүүлэх нь миний үүрэг.

Ч.Түвшинзаяа:Охин маань аз хийморь авчирлаа

-Анхны охин аз жаргал авчирдаг гэдэг. Охиноо хараад их баярлаж байна. Дөрөвдүгээр сарын 5-ны 23.15 цагт эмч нарын буянаар эсэн мэнд амаржиж 3,6 килограмм охинтой болсон болохоор  хүнд өвдөлтийг мартаж байна шүү /инээв/.Миний охин надад үнэхээр аз хийморь авчирлаа гэж билэгшээж сууна.
Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний  тэргүүлэх  зэргийн эмч Д.Лувсанжамцаас зарим асуултад хариулт авлаа.

-Та урьд шөнө цурам хийхгүй хонолоо. Таныг ээлжтэй өдрөө таван минут ч дугхийдэггүй гэж эмч нар ярьж байна лээ?

-Манай тасаг олон хүнтэй байгаа. Одоогоор хоёр хүнд хүнтэй болохоор сэтгэл бүр ч зовних юм. Нэг нь олон эрхтэний дутагдалтай, хордлоготой. Нөгөө нь  бөөрний дутагдалд орсон.  Гэвч насаар харьцангуй залуу хүмүүс. Тэд эмнэлэгт хандаад 3-8 хонож байна. Мөн хоёр эмэгтэй жирэмсний хожуу үеийн хүнд хэлбэрийн  хордлоготой эмчлүүлж байна. Бусад нь кессарова хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь манай тасагт анхаарал татсан хүмүүс хэвтдэг болохоор унтаж амрах эрх алга даа.

-Ер нь төрөх эмнэлэгт хүний хөл тасарна гэж байхгүй юм аа?

-Сүүлийн үед төрөлт эрс ихэссэн.  Эмч бидний зовлонг сайд дарга нар ойлгодоггүй юм шиг санагддаг. Нэг ч өдөр  бидэнтэй хамт байж үзээгүй болохоор ажлын маань хүндийг мэдэрдэггүй  байх л даа. Тийм болохоор аливаа асуудалд шуурхай ханддаггүй байх гэж бодох юм.

-Ахмад эмчийн хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар бодлоо хэлэхгүй юу?

-Тоног төхөөрөмжийн хувьд хангалттай. Харин төрөх зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байгааг удирдах газрынхан анхааралдаа аваасай гэж бодох юм” хэмээн эмчлүүлэгчдийнхээ эмчилгээг бичсээр үлдлээ…

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж