Веттель өрсөлдөөнд эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Веттель өрсөлдөөнд эргэн ирлээ

Герман залууг энэ улирлын хамгийн азгүй нисгэгч хэмээн цоллож, аварга цол хүртэх эрхгүй хэмээн дуудаж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрөгч амралтын өдрөөр болсон Японы гарааны дараачаар түүнийг магтах өнгө аяс ажиглагдаж эхэллээ.

Учир нь тэрбээр Японы гран-приг жинхэнэ утгаар хянаж чадсан юм.

Бямба гаригт болсон байрлал тогтоох гараанд түрүүлж, араасаа Марк Уэббер, Льюис Хэмилтон, Роберт Кубица, Фернандо Алонсо гээд өрсөлдөгчдөө дагуулж гарсан байна.

Ням гаригт харин уралдаан эхнээсээ л сонирхолтойгоор өрнөж, эхний тойрогт гэхэд л таван нисгэгч замаас гарч, үүнээс хоёр тойргийн дараачаар зургаа дахь нисгэгч замыг орхисон нь уралдааны нийлбэр дүнд нөлөөлж чадахуйц байрт явж байсан Роберт Кубица байлаа. Түүний хувьд үнэхээр сайн гараа болсон гэж хэлж болох байв.

Өнгөрсөн хоёр уралдааны ялагч болж, түрүүлэх өрсөлдөөнд бодитойгоор орж ирсэн Фернандо Алонсо энэ удаад гуравдугаар байрнаас хэтэрсэнгүй. Түүний урд Red Bull-ийн хоёр нисгэгч уралдааныг хянасаар замаа дуусгаж, түрүүлж барианд орлоо.

Себастьян Веттель нэгдүгээрт, Марк Уэббер түүний ард, гуравт Фернандо Алонсо. Тэдний араас McLaren-ы хослол.

Ингэснээр дэлхийн аваргын нийлбэр дүнд харьцангүй өөрчлөлт орлоо. Марк Уэббер 220 оноотой, Алонсо, Веттель нар 206 оноотой. Веттель өрсөлдөөнд эргэн ирлээ гэсэн тодотгол энэ онооны байдлаас ишлэлтэй.
Түүнээс гадна үлдсэн уралдааны замууд Red Bull-д ээлтэй гэж байгаа юм. Нэг ёсондоо тэдний машинд тохирсон зам учраас тус багийн нисгэгчдийн хоорондын тэмцэл илүү сонирхолтой өрнөж байна. Алонсо энэ дундуур өөрийн жинхэнэ ур чадваараараа орж ирвэл бүр л сонирхолтой.
Харин зохион бүтээгчдийн цом Red Bull-д очих нь бараг ойлгомжтой боллоо. Тэгэхээр тэд ирэх жил “Формула нэг”-ээс багагүй шан харамж хүртэх болж байна гэсэн үг.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж