Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Нэтс” хойд хөршид

“Нью Жерси Нэтс” багийн шинэ эзэн ОХУ-ын тэрбумтан Михаиль Прохоров ням гаригт өөрийн шинэ багаа Орос түмэнд танилцууллаа. Энэ арга хэмжээний үеэр Москвад Девин Харрис болон Жордан Фармар нарыг 8-18 насны орос хүүхдүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн байна. Багаа олон нийтэд танилцуулсны дараа Прохоров 2015 онд аварга болох зорилготой ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн улиралд 12 хожиж, 70 тоглолтод хожигдсон тэд энэ жилээс шинэ эзэн, шинэ дасгалжуулагчтай болоод байгаа билээ. Прохоров энэ зун Леброн Жеймс, дараа нь Кармело Энтони нарын араас хөөцөлдсөн ч амжилт олоогүй. Энэ талаар тэр “Би багаа илүү хүчирхэг болгохын төлөө л явсан. Даанч бүтээгүй” гэсэн байна.

Залуу бүрэлдэхүүнтэй “Нэтс”-ийг энэ улирлаас Эйври Жонсон дасгалжуулахаар болсон. Тэрбээр тус багийг “Хамгаалалтанд сайн, гурвын зайнаас илүү сайн шиддэг баг болгоно” гэж амлажээ. Харин багийн лидер Девин Харрис Москвад “Тэр бол гайхалтай багийн эзэн. Бид хамтдаа одоо л эхэлж байна. Өнгөрсөн улирал аймшигтай өнгөрсөн. Энэ жил алдаагаа засах болно” хэмээжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж