Монголчууд багаараа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

Монголчууд багаараа түрүүллээ

Улаанбаатар хотноо энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохиогдсон оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт найман медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн амжилттай оролцлоо. Харин багийн дүнгээр ОХУ болон Туркийн баг тамирчид удаалсан байна.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 жинд 40 багц медалийн төлөө дэлхийн 15 орны 77 ширэн бээлийтэн хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Харин манай улсын тухайд 10 жинд 10 тамирчин ахлах дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Д.Ганзориг, Д.Батсүрэн нарын удирдлага дор эх орныхоо рингэнд тулалдлаа.

Монголын баг тамирчдаас өөрийн жинд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй, олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба багийн ахлагчаар тоглож, аваргын алтан медаль хүртлээ. Аваргын төлөөх тулаанд Казахстаны тамирчин Мардан Беркбаевийг 2:1 харьцаатай хожсоноор П.Сэрдамба эх орондоо анхны алтан медалийг авчирсан юм. Мөн 52 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт алтан медалийн төлөөх тоглолтод Казахстаны Хаби Исмаил-Ахуновыг 13:2 харьцаатай илт давуу буулган авснаар тэргүүлсэн юм. Тэрбээр мөн энэ удаагийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулаан бүртээ ур чадвартай, шилдэг тоглолт гаргаж, тэмцээний “Шилдгийн шилдэг” тамирчнаар шалгарлаа. Түүнчлэн тэмцээний 64 кг-д өрсөлдсөн Б.Түвшинбат шийдвэрлэх тулаанд 5:0 харьцаатай Туркийн боксчин Онур Сипалыг буулган авснаар алтан медалиар энгэрээ мялаав.
Мөн Монголын баг тамирчдаас 56 кг-д Э.Идэрхүү, 81 кг-д С.Эрдэнэбаяр, мөн хамгийн хүнд жин болох +91 кг-д Д.Идэрбат нар мөнгөн медаль хүртсэн бол 60 кг-ын жинд Д.Отгондалай, 69 кг-д Л.Шинэтулга нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Боксын оюутны ДАШТ-ийн медальтнууд:

49 кг:
Алт: П.Сэрдамба /Монгол/
Мөнгө: Мардан Беркбаев /Казахстан/
Хүрэл: Лукаш Машчик /Польш/
Хүрэл: Ферхат Пехливан /Турк/

52 кг:
Алт: Н.Төгсцогт /Монгол/
Мөнгө: Хаби Исмаил-Ахунов /Казахстан/
Хүрэл: Дмитрий Сотников /ОХУ/
Хүрэл: Виктор Гоголев /Украйн/

56 кг:
Алт: Феркан Улус /Турк/
Мөнгө: Э.Идэрхүү /Монгол/
Хүрэл: Тати Дончай /Тайланд/
Хүрэл: Сергей Захаров /ОХУ/

60 кг:
Алт: Денис Беринчик /Украйн/
Мөнгө: Гани Жаилауов /Казахстан/
Хүрэл: Ву Хао-Пай /Тайвань/
Хүрэл: Д.Отгондалай /Монгол/
64 кг:
Алт: Б.Түвшинбат /Монгол/
Мөнгө: Онур Сипал /Турк/
Хүрэл: Айдар Шарибаев /Казахстан/
Хүрэл: Данис Юшкевич /Беларусь/
69 кг:
Алт: Ондер Сипал /Турк/
Мөнгө: Рустам Сваев /Казахстан/
Хүрэл: Василий Белоус /Молдав/
Хүрэл: Л.Шинэтулга /Монгол/

75 кг:
Алт: Андрей Ефременко /ОХУ/
Мөнгө: Сиархей Ейстафеу /Беларусь/
Хүрэл: Адилбек Ниязымбетов /Казахстан/
Хүрэл: Ян Юу-Тин /Тайвань/

81 кг:
Алт: Руслан Фаифер /ОХУ/
Мөнгө: С.Эрдэнэбаяр /Монгол/
Хүрэл: Диндар Голгек /Турк/
Хүрэл: Арбек Абдуганиев /Казахстан/

91 кг:
Алт: Александр Караказьян /ОХУ/
Мөнгө: Данияр Устембаев /Казахстан/
Хүрэл: Бахрам Музаффер /Турк/
Хүрэл: Туткус Евгениюс /Литва/

+91 кг:
Алт: Арсланбек Махмудов /ОХУ/
Мөнгө: Д.Идэрбат /Монгол/
Хүрэл: Рустам Ригабаев /Казахстан/

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж