Орон сууцны VII хорооллыг Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210.0 га талбайд барихаар хэдийнээ төлөвлөгдсөн. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар нийтдээ 7849 өрхийн 35421 хүн амьдарч байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны 47 дугаар тогтоолоор батлагдсан тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлтийн хугацаанд (2020 онд) 10956 айлын орон сууц баригдаж, 46 мянган хүн оршин сууж, 9200 сурагчтай сургууль, 4600 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, 4500 ажлын байр бүхий оффисийн барилга, 3600 шахам хүн ажиллах худалдаа, үйлчилгээний барилга байгууламж баригдах аж. Мөн “Ногоон нуур”-ын одоогийн тогтцыг түшиглэн хотын чанартай парк, амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ