Кевин Лав амжилт эвдсээр

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Кевин Лав амжилт эвдсээр

Энэ улиралд нэг тоглолтод 30 самбараас бөмбөг авалт, 30 оноо авч, олон сая хүний эрүүг мултлах шахсан Кэвин Лав өнөөдөр дараалсан 38 дахь дабл-даблаа хийлээ. Ингэснээр цагаан довтлогч маань багийнхаа дээд амжилтын эзэн болж байна. Түүнээс өмнө 2006 онд Кевин Гарнетт 37 тоглолт дараалсан амжилт гаргаж байсан билээ. Түүний энэ сүрдэм амжилтын өмнө алдарт Мозес Мэлоуны 44 тоглолтын буухиа бичигдэж байна. Мэлоун 1982-83 оны улиралд энэ үзүүлэлтийг хийсэн бол NBA-ын домогт холбогч Жон Стоктон 1989 онд 37 тоглолт дараалсан амжилт гаргаж байжээ.

“Тимбервулвес” өнөөдөр “Хьюстон Рокетс”-ийн талбайд зочилж, хүндхэн тулаан хийсэн. Учир нь зочдын бүрэлдэхүүнд Майкл Бизли, Дарко Миличич нар байгаагүй аж. Хэдийгээр тэд байгаагүй ч Лавд сэлгээний тоглогч Эллингтон ихээхэн тус хүргэж, баг нь 112:108 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авчээ. Лав энэ тоглолтод 18 оноо авсан бөгөөд түүний үр дүнтэй тоглолтын ачаар Миннесотагийн “Чононууд” Хьостоны “Пуужингууд”-ыг 2007 оны нэгдүгээр сараас хойш анх удаагаа хожсон байна.

Талбайн эздээс Кэвин Мартин, Кортни Ли нар тус бүр 23 оноогоор багаа тэргүүлсэн ч тэдний гол зэвсэг болох холын зайн шидэлт нь өнөөдөр тун муу байжээ. Нийт 28 шидсэнээс ердөө 7-г нь байндаа тусгасан байна. 

Өмнөх тоглолтыг шийтгэлийн улмаас өнжсөн Брүүкс багийн ерөнхий менежер Дарил Мөүри, ерөнхий дасгалжуулагч Рик Адэлман нараас уучлал хүсэн өнөөдөр тоглосон юм. Ням гаригт “Мемфис”-ийг хожсон тоглолтын цаг дуусахаас өмнө тэрбээр зөвшөөрөлгүй талбайг орхин гарсан билээ. Шалтгаан нь цөөн минутыг талбайд өнгөрүүлж байгаагийнх гэнэ. Аргентин лигионер Льюс Скола 300 тоглолт дараалан тоглосон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж