Словяны философич Славож Зайзек Египетийн дарангуйлагчийн одоогийн нөхцөл байдлыг “Том, Жерри хоёр” хүүхэлдэйн кинотой адилтгажээ. Өчүүхэн жижиг Жерри хулганы дэргэд аварга биетэн мэт харагддаг Том муур дээгүүр харж яваад өндөр барилгын дээрээс гэнэтхэн уначихдаг. Үзэгч багачууд ч ингэхийг нь хүлээж байдаг. Түүнтэй адил өнөөдөр дэлхий нийт Х.Мубаракийн ёроолгүй ангал руу хэрхэн унахыг харахаар амьсгаа түгжин хүлээж байна. АНУ, Европ, Ойрхи Дорнодын удирдагчид, албаны төлөөлөгчид энэ тал дээр хэдийнэ байр сууриа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Египетийн ард түмэн эрх чөлөөгүй, ардчилал гэдэг юмыг мэдрэхгүй, зовж тарчилж байсныг нэг өглөө сэрэхдээ гэнэтхэн ойлгосон юм байх. Тэгээд “Энэ улс орны ард түмний төлөө!” хэмээн гудамжны жагсагчдыг дэмжжээ. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр тэргүүтэй зарим “хуучин бууны хугархай” Египетийн хувьсгалчдын үйлдлийг буруушааж, тэд Исламын хатуу дэглэм тогтоох гэж байна гэсэн юм. Гэхдээ Т.Блэйр тэргүүтнийг энэ байр суурин дээрээ хэр удаан зогсохыг харж л байя гэж дооглох шинжээч цөөнгүй байна.
Энэ талаар “Нuffington post” сонины нийтлэлч Жон Жэксон онцолжээ. Аливаа улс орон өөрсдийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг.Тэгэхээр Египетэд Х.Мубарак байна уу, өөр хэн нэгэн байна уу хамаагүй. Эхний ээлжинд Суэцийн суваг хаагдаж, Ойрхи Дорнодоос ирэх газрын тосны нийлүүлэлт тасалдахгүй байх л чухал. Амьдралыг тэтгэгч нефтийн үнэ тэнгэрт хадах гээд байхад яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй.
Бүгдийн “хайрыг татсан” Х.Мубарак одоо юу хийж байна вэ. Өдгөө 82 настай тэрбээр эсэргүүцэн жагсагчидтай уулзаж, тэдний санал болгосны дагуу төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх уг амлалтын хүрээнд Египетийн Засгийн газар 6.5 сая египет паунд зарцуулна гэдгийг хүртэл тооцоод гаргачихаж. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Кайр хотын төв талбайд болсон жагсаалын үеэр амь эрсэдсэн 11 хүний хэргийг хууль сахиулагчдаар шалгуулж, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ амласан байна. Уг ажлыг хариуцан хийх хүмүүсийг Египетийн Засгийн газраас томилохгүй аж.
Их гүрнүүдийн анхаарлыг татаж буй, глобаль шинжтэй нэг асуудал тавигдаж байгаа нь Израйлийн тухай юм. Ойрхи Дорнодод энхтайван байдал тогтоохын тулд 1979 онд Израйлийн тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх ажилд хамгийн их үүрэгтэй оролцсон улс бол Египет. Тиймээс Х.Мубарак огцорсон тохиолдолд Египетийн шинэ Засгийн газар Израйлийн асуудалд баримталж байсан байр суурь хэвээр үлдээхийг америкчууд шаардах болжээ. Ямартай ч Х.Мубарак сөрөг хүчнийхэнтэйгээ хэлэлцээр хийсний дараа египетчүүд хэвийн амьдралдаа эргэн орж, үймээн самуун намжих төлөвтэй байна. Гэсэн ч тус улсын сөрөг хүчний хамгийн том төлөөлөл болох “Мусульманы ахан дүүс” эвсэл Х.Мубаракийг албан тушаалаасаа нэн даруй огцорч, засгийн эрх мэдлийг түр хугацаанд дэд Ерөнхийлөгч Омар Сулейманд шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм. Үүнээс болж тун удахгүй Х.Мубарак эх орноосоо гарах гэж буй бололтой. Германы “Der Spiegel” сэтгүүлд мэдээлснээр тэрбээр эмчилгээ хийх нэрийдлээр Герман руу дүрвэн гарах гэж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд Францын “AFP” агентлаг албан бус эх сурвалжийн яриагаар уг мэдээллийг нотолжээ. Тэгэхээр ардчилсан Египет орныг бүтээх оролдлого бүтэлтэй боллоо гэсэн үг.
Гэхдээ Египет ардчилсан улс болох нь хэтэрхий аюултай гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм. Хэдэн зуун сая арабчуудыг нэгтгэн захирах нэг хүн хэрэгтэй. Зөвхөн тэдний өөрсдийнх нь төдийгүй дэлхий нийтийн амгалан тайван байдлыг бодоод үзсэн ч ардчилсан тогтолцоотой болно гэдэг хэтэрхий эрсдэлтэй алхам юм. Эс тэгвэл юу болдгийн жишээг израйльчууд хангалттай харуулсан. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, ардчиллын замналаар явах гэсэн Израйль улс өнөөдөр Ойрхи Дорнодын бүс нутагт дайны галыг өдөөж байгаа. Гэсэн ч Египетийн Кайр, Александра хотын гудамж, талбайгаар жагсч байгаа хэдэн сая хүний хүслийг үл ойшоож бас болохгүй. Тэд Х.Мубаракийг “хаан сэнтий”-гээс нь буулгахыг хүссэн. Х.Мубарак ч яах вэ, тэгээд явдаг юм байж. Түүний дараа хэн Египетийг удирдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултад сөрөг хүчнийхэн нь “Шударга, ардчилсан сонгуулиар Египетийн ард түмний саналыг авч, ялж гарч ирж чадсан хүн удирдагч болно” гэж хариулж байна. Тэгвэл ард түмэнд таалагдах тэр хүн нь хэн бэ. Египетийн сөрөг хүчний удирдагч, Америкт 15 жил амьдарсан Мухамед ЭлБарадей юу. Хэлэхэд хэцүү л юм. Исламын хэт туйлшрагч бүлэг болох “Мусульманы ахан дүүс” дунд Төрийн тэргүүний суудалд санаархагчид цөөнгүй байгаа. Тэд бүгд өөрсдийн дэмжигч, “фанатууд”-тай. Тэгэхээр хамтын дайснаа унагасны дараа “манайхан” бас хоорондоо тэмцэлдэж эхлэхийг үгүйсгэх аргагүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүнийг анхааруулж, “Египетийн сөрөг хүчнүүд зохион байгуулалтад орж, цэгцрэхгүй бол удахгүй болох сонгууль бүр их аюул дагуулж мэднэ” гэжээ.
Ямартай ч одоогийн байдлаар Х.Мубарак “Том, Жерри” драмынхаа сүүлийн үзэгдэлд тоглохоор тайзны ард бэлтгэж байгаа нь дамжиггүй юм. Тэр өндөр барилга дээрээс унаж явах зуураа гарт нь баригдсан ганц хоёр дэгээнээс дүүжигнэх л байх. Тэгэхдээ энэ нь ямар ч үр дүнгүй гэдгийг Х.Мубарак, “Мусульманы ахан дүүс” мэдэж байгаа. Харин дэлхийн “томчууд” Тунис, Египетээс эхэлсэн эдгээр хувьсгал ингээд дуусахгүй гэдгийг ойлгож байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин