ОУОХ-ны гишүүн Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

ОУОХ-ны гишүүн Монголд айлчилж байна

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн, Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарь улсын иргэн Патрик Бауманн Монгол улсад айлчилж байна.

Өнөөдөр ноѐн Бауманн МҮОХ-ны байранд зочиллоо. Түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар түүнийг хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Ноѐн Патрик Бауманн Монгол оронд айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа өгүүлээд Олон улсын Олимпийн эв санааны нэгдэл буюу Olympic Solidarity төсөлд сагсан бөмбөгийн спортыг оруулсанд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр том газар нутагтай ч цөөхөн хүн амтай, агуу их түүхтэй энэ улсад сагсан бөмбөг хөгжих бүрэн боломжтой байгааг хэлсэн. Ингэхдээ тэр дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэх гүрнүүд болох Словени, Литваар жишээ авсан юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол оронд сагсан бөмбөг хамгийн их хүүхдүүдийн хичээллэх дуртай, сонирхдог спорт болохыг дурдаад цаашид багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг олон талаар дэмжиж ажиллахаа хэллээ. Спортын анагаах ухааны доктор Д.Загдсүрэн 1992 онд судалгааны ажлын гол чиглэлээ сагсан бөмбөгөөр сонгож эцсийн дүнд сагсан бөмбөг нь монголчуудын бие бялдарт тохирсон спорт болохыг олжээ. Иймд Монголын сагсан бөмбөгчдөд илүү их ирээдүй хүлээж байгааг онцоллоо.
Түүний айлчлал ням гарагт өндөрлөх ажээ.

Патрик Бауманн нь 1967 оны 8 сарын 5-нд Швейцарийн хилийн том хот болох Базельд төржээ. Тэр хэдийгээр Швейцарийн иргэн ч амьдралынхаа ихэнх үеийг хилийн чанадад өнгөрөөсөн байна. 1987 онд их сургуулийн эхний жилээ Италийн Санремо хотод төгсөөд үргэлжлүүлэн Лозанний их сургуульд хуульч мэргэжил эзэмшжээ. 1996 онд ОУОХ болон Францын Лион хотноо Спортын удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. 2001 онд АНУ-ын Чикагогийн их сургуульд Бизнес удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Бауманн нь англи, франц, герман, итали, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэр спорттой бага залуугаасаа холбогджээ. Сагсан бөмбөгийн тамирчны замнал нь богино ч шүүгч болон зохион байгуулах чадвараараа олонд танигдсан. Италид шүүгч хийж байсан тэр Швейцарьт ирээд 1-р лигийн шүүгч, шүүгчдийн зөвлөх, зохион байгуулагч зэрэг ажлыг хийж байжээ. Швейцарийн Спортын сургуулийн 1, 2-р зэргийн шүүгчийн зэрэгтэй. Түүнчлэн өсвөр насны сагсан бөмбөгийн дасгалжуулагч, тэмцээн зохион байгуулагч, цугларалт арга хэмжээнүүдийг зохион байгуулагч.
Их сургуулиа төгссөний дараа Swiss Bank Corporation байгууллагын Базель дахь төв байранд ажиллах болж дараа нь байгууллагынхаа ерөнхий хуульчийн зөвлөхөөр ажиллаж байв.

Харин 1994 оны 4 сараас Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны төв штабт ажиллах болсон байна. 1995 оны 4 сард ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болсон. Энэхүү албыг 2003 он хүртэл хашаад түүнээс хойш FIBA-ийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болжээ.

2007 онд ОУОХ-нд гишүүнээр элссэн. Бауманныг сүүлийн жилүүдэд олон улсын спортын байгууллагын хамгийн нөлөө бүхий мэргэжилтэн гэж үзэж байгаа. Тэр ОУОХ-ны 2008 оны Бээжингийн олимпийн хяналтын гишүүн байсан бөгөөд одоогоор Лондоны олимпийн Зохицуулах комиссийн гишүүнээр ажиллаж байгаа. ОУОХ-ны олон улсын харилцаа, хуулийн комиссийн гишүүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж