Юун ажил, гол нь золгох л хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Юун ажил, гол нь золгох л хэрэгтэй

Монголчууд цагаан сарын шинийн гурав хоногт бүх нийтээрээ амардаг. Гэтэл энэ жилийнх амралтын өдрүүдтэй давхцаж таарсан учир хуанли үйлдвэрлэгчид илүү хэдэн өдрийг улаанаар тэмдэглэх шаардлагагүй болсон юм. Тэр ч яах вэ. Гол нь “дээрээс”, од эр­хэсээс цагаан сарын баярыг тэм­дэглэх өдөр, хоногийг нь та­таж өгсөнд хамаг учир байна. Уг нь тэдгээр хүндэтгэлийн өдрүүд хэрхэвч энгийн нэ­гэн “баасан ахын төрсөн өдөр”, бямба, ням гарагт тохиож болмооргүй байлтай. Амралтын өдөр амарна. Харин баярын өдөр баярладаг. Үгийнх нь утгыг хөөгөөд үзэхэд хүртэл шал өөр санаа явж байгаа биз. Манайхан ингэж бодсон учир баярын настраа хадгалсаар ажлын өдөртэй золгосон юм. Бүр нам, төрийн удирдлагуудаас эхлээд төрийн байгууллага, яам тамгын газрууд, эмнэлэг үйлчилгээнийхэн гээд бүгд л золгоод завгүй. Тэгэхээр одоо ажлын өдөр баярын настраа алдахгүйн тулд, бас хэнийг ч гомдоохгүй гэсэндээ бүх хүнтэй золгож, айраг цагаагаа уух хэрэг гарна. Гэтэл ийм чухал зүйл хийж байхад ажлын садаа болсон хэсэг бүлэг этгээд байгууллагын хаалга онголзуулж, “Эмчид үзүүлье” гэх мэтийн хачин юм яриад байна гэнэ. Тэднийг “Маргааш ир” гээд явуулсан нь ч зөв болсон юм. Тэд одоо болимоор юм. Наана чинь уламжлалт ёс, зан заншлаа хадгалж үлдэх гэсэн бүхий олны тэмцэл өрнөж байхад. Бас ёс ёмбогор, төр төмбөгөр гэж нэг сайхан    үг бий. Ах дүү садан, найз нөхөд, танил тал, гудамжинд таарсан хүн бүртэй золгож, мэндлэхгүй бол  цагаан сар гэдэг баярын утга учир алдагдах гээд байна.

Ер нь тэгээд баяр ёслол гэлтгүй хурал цуглаан, мар­гаан мэтгэлцээнээс эхлээд гэрээ хэлцэл байгуулах ажлыг хүртэл сайхан эхлүүлчихээд төгсгөлийг нь сунжруулж, замхруулдаг монгол занг яал­тай ч билээ. Дашрамд дурьдахад, өвчин, зовлон тоочин эмнэл­гийн үүд сахиж, эмч нарын золголт хийх цагаас хумсалж яваа зарим хүнд хандаад ганц үг хэлчихье. “Та нар золгож явахын оронд юугаа хийж өвдөөд байгаа юм бэ” гэж. Бүх юманд, тэр бүү хэл өвдөхөд хүртэл мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тэр ажил яах вэ, гол нь баярын настр. Цагаан сар улам олон шинийн “нэгэн”-тэй болоосой…

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж