Гадныхныг нээлттэй оруулж болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Гадныхныг нээлттэй оруулж болохгүй гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Эдгээр хуулиудтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцсэн Н.Батбаяр гишүүнээс дараах тодруулгыг авлаа.

Түүнээс ямар шалтгаанаар Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг шүүмжилж байгаа талаар асуухад “Гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулахыг зохицуулсан 43-р заалтыг бүхлээр нь хасах тухай саналыг Засгийн газар оруулж ирсэн байна. Энэ нь уул уурхайн салбарт ажиллах гадаадынхныг оруулах асуудлыг нээлттэй болгох гэсэн үг юм. Ингэснээр хэчнээн ч хүн оруулж ирэх боломжтой болгоно гэж байна. Одоогийн хуулиар уул уурхайн компанид гадныхан ажиллах юм бол нийт ажилчдийн 10 хувиас хэтэрч болохгүй. Хэтэрсэн бол тэр тоогоор нь нэмэлт төлбөр ногдуулах зохицуулалттай. Тухайн нэмэлт төлбөр нь тухайн уурхай ажиллаж буй орон нутгийн эмнэлэг сургуулийн санхүүжилтэд зарцуулагдах зориулалттай байхаар зохицуулсан юм. Монголын газар нутаг дээр Монголын төр монгол иргэдээ ажилтай болгохыг л зорих учиртай. Гэтэл энэ хуулийн зүйл заалтыг хүчингүй болгоод гадныхныг орж ирэхийг чөлөөтэй болгох гэж байна. Үүнийг нь би Монголыг хятаджуулах төлөвлөгөө гэж харж байна. Би үдээс хойшхи чуулганаар энэ тухай Ерөнхий сайдаас асуух болно” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж