Пауэрлифтингийн ДАШТ-д анх удаа оролцов

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Пауэрлифтингийн ДАШТ-д анх удаа оролцов

Чех улсын Пильзен хотноо есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 2-ны өдрүүдэд болсон дэлхийн пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн мастер тамирчдын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх удаа оролцоод иржээ. Тус тэмцээнд Монголоос Б.Цэгмэд, Ш.Лхагва, Ж.Равдандорж, С.Дагва нар эх орноо төлөөлөн оролцсон юм.

Мастер-2 ангилалд 56 кг-ын жинд “Алдар” нийгэмлэгийн тамирчин Ш.Лхагва гурван өргөлтийн нийлбэрээр 240 кг-ыг өргөж, хоёрдугаар байрт шалгарч, багтаа есөн оноо авчирчээ. Харин Мастер-3 ангиллын 75 кг-д “Замчин” клубын тамирчин Б.Цэгмэд таталтаар 140 кг, нийлбэрээр 350 кг-ыг тус тус өргөж, Азийн дээд амжилт 115, 270 кг байсныг шинэчлэн тогтоосон бөгөөд долдугаар байрт шалгарч, багийнхаа оноонд дөрвөн оноо нэмэрлэсэн байна. Түүнчлэн  М-3 ангиллын 60 кг-д С.Дагва шахалтаар 60 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тус тэмцээнд нийт 29 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын тамирчид багийн дүнгээр 22-р байрт бичигдсэн байна.

Дашрамд сануулахад, нэг жинд гурав хүрэхгүй тамирчин оролцсон тохиолдол М-4 буюу 70-аас дээш насны тамирчдыг тусад нь ангилдаггүй бөгөөд харин тив, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ажээ. Ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээн Канад улсад болно.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж