Ямайкийн Кларке 100 метрт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Ямайкийн Кларке 100 метрт түрүүлэв

Энэтхэг улсад үргэлжилж буй Commonwealth Games буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын спорт наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Ямайкийн спринтер Лероне Кларке түрүүлжээ. Тэрбээр 10,12 секундын амжилтаар тэргүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол Английн тамирчин Марк Льюис-Франсис 0,08 секундээр хоцорч, мөнгөн медаль, харин Тринидад ба Тобаго улсын Аарон Армстронг 10,24 секундэд барианд орсноор хүрэл медалийн эзэн болсон байна.

Дэлхийд данстай Асафа Пауэлл, Усаин Болт нарын эзгүйд Кларке ийнхүү эх орныхоо нэрийг гаргаж, Делигийн шагналын тавцангаас алтан медаль хүртлээ.
Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Австралийн тамирчин Салли Пиэрсон 11,28 секундын амжилтаар түрүүлж барианд орсон боловч гарааны үеэр алдаа гаргасан хэмээн түүний амжилтыг хүчингүйд тооцсон байна. Харин түүний оронд Нигерийн тамирчин Осаеми Олудамола алтан медаль хүртэх болсон бол Сент-Винсент ба Гренадин улсын спринтер Наташа Мейерс мөнгө, Английн Катерин Эндакотт хүрэл медалийн болзол хангажээ. Гэхдээ албан ёсоор медаль, шагналыг гардуулаагүй байгаа ба Австралийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын холбооноос уг асуудалтай холбоотой зарга үүсгээд байгаа юм.

Харин тус наадмын усанд сэлэлтийн төрөлд Австралийн тамирчин Алисия Коуттс өчигдөр гурав дахь алтан медалиа хүртсэн байна. Тэрбээр өмнө нь 200 метрийн холимог сэлэлт болон 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд аваргалаад байлаа. Түүнчлэн Өмнөд Африкийн 18 настай залуу тамирчин Чад ле Клос наадмын рекордыг шинэчилж, эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлжээ. Тэрбээр мөн 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм.
Мөн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Канадын Брент Хайден, эмэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Английн Ребекка Адлингтон нар түрүүлсэн байна.
Тав дахь өдрөө үргэлжилж буй Хамтын нөхөрлөлийн орнуудын спорт наадамд одоогоор Австралийн баг тамирчид 32 алт, 19 мөнгө, 18 хүрэл, нийт 69 медаль хүртсэн амжилтаар түрүүлж байгаа бол 14 алттай Энэтхэгийн баг хоёрдугаарт, 12 алтан медаль хүртсэн Английн баг гуравдугаарт бичигдээд байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж