Г.Амгаланбаатар: Азийн хэмжээний жүжигчин байхыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Г.Амгаланбаатар: Азийн хэмжээний жүжигчин байхыг хүсдэг

Өнөөдөр Драмын Эрдмийн Театрт Оросын нэрт жүжгийн зохиолч Владимир Красногоровын “Яаж амьдрах юм бэ?” жүжиг нээлтээ хийх гэж байна. Найруулагч Ч.Түвшингийн тавилтаар тайзнаа амилах уг жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Ж.Оюундарь, А.Баттөр, Г.Амгаланбаатар болон залуу жүжигчин Б.Одончимэг, П.Баттөр нар тоглох юм. Өчигдөр жүжгийн сургуулилтын завсарлагаар гол дүрийн жүжигчин Г.Амгаланбаатартай уулзаж ярилцлаа.

-Та урлагт анх хэзээ хөл тавьсан бэ?
-Яг урлагт гэж хэлэх юм бол анх 1985 онд цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт байхдаа л орсон шүү /инээв/. Хөгжим бүжгийн коллежид хүүхэд шалгаж авахаар гурван багш ирэхэд би шалгалт өгч тэнцээд 1986 оны есдүгээр сарын 1-нд хийл хөгжмийн ангид анх элсэн орсон.
-Хийл хөгжмөөр суралцаж байгаад яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
-Хийлийн ангид сурч байгаад тавдугаар ангиасаа тавдугаар дунд сургуульд шилжин суралцсан. Миний ээжийн аав урлагийн хүн байсан. Би тэгээд өвөө эмээгийнхээ гар дээр өссөн л дөө. Намайг наймдугаар анги төгсөхөд өвөө маань өөд болж, би өвөөгийнхөө шарил дээр жүжигчин болж таныхаа мэргэжлийг өвлөнө гэж тангарагласан. Тэгээд л жүжигчин мэргэжлийг сонгон 1996 онд Соёл Урлагийн Их Сургуульд шалгалт өгч тэнцээд, элсч орсон доо. Драмын театрт 2000 онд сургуулиа төгсч, орж ирээд анх “Бооцоо” жүжигт тоглож байлаа.
-Маргааш тоглогдох В.Красногоровын “Яаж амьдрах юм бэ?” жүжигт та ямар дүр бүтээж байгаа вэ?
-Манай театр Красногоровын долоон жүжиг дээр ажиллаж байгаа. Энэ “Яаж амьдрах юм бэ” жүжигт би Михайл гэдэг оюутан залуугийн дүрд тоглож байна. Энэ залуу их сонирхолтой дүр. Оросын шинэ баяны хүү. Тэгсэн мөртлөө философийн чиглэлээр сурдаг оюутан. Эхлээд багаа тайлаагүй байхдаа маш зөв боловсон сайн оюутан юм шиг боловч төгсгөлд нь хүн гэж юу вэ гэдэг мөн чанарыг харуулсан. Мөн хүн хичнээн төрлийн багтай байдгийг залуустаа ойлгуулах гэсэн эрмэлзэлтэй энэ дүр дээр ажиллаж байна.
-Тайз, дэлгэцний нэлээд олон бүтээл дээр ажилласан байх. Кино урлаг, театрын урлагийн алинд нь дүр бүтээхэд хэцүү вэ?
-Ер нь тэр, энэ гэлтгүй дүр бүтээх гэдэг хэцүү л дээ. Би одоо хүртэл тийм дүрийг бүтээчихлээ гэж хэлэхээс айж халширч явдаг. Яагаад гэхээр манай алтан үеийн мундаг жүжигчид “Би 200,300 гаруй жүжигт тоглосон, 20, 30 кинонд тоглосон. Тэндээс ганц тэр маань л одоо дүр юм даа, түүнд л тоглох гэж хичээсэн” гэдэггүй шүү дээ. Бүр одоо хүртэл би дүр бүтээгээгүй явна гэж ярьдаг мундаг жүжигчид байдаг. Би 50, 60-аад жүжиг, арваад киноны гол, туслах дүрүүдэд тоглосон. Энэ дундаас онцлоод тэр дүрийг товойтол бүтээсэн гэж ам бардам хэлж чадахгүй. Би үнэхээр дүр бүтээх гэж чадан ядан явж байгаа жирийн нэг уран бүтээлч. Кино, тайз хоёрын хувьд тайзан дээр дүр бүтээх нь илүү хэцүү гэж би ойлгодог. Кинон дээр жүжигчин биш хүн ч гэсэн найруулагчийнхаа зааж өгснөөр, найруулагчийн тавилтаар тоглочихдог болохоор гайгүй гэж боддог.
-Таны хайрлан хүндэлж явдаг жүжигчин?
-Маш олон бий. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гантөмөр гуай, Ардын жүжигчин Жамсранжав гуай байна. Би арван жилд байхаасаа л “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны гол дүрийн Хөхөөд тоглосон Дашдаваа гуайг ямар сайхан жүжигчин бэ, ийм л хүн болох юмсан гэж шүтэж биширдэг байсан. Одоо театртаа мөр зэрэгцэн ажиллаж байгаа Ардын жүжигчин Цэрэндавга ах, Мэндбаяр эгч маань байна. Үлгэр дууриал авдаг хүмүүс гэвэл маш олон доо. Манай ангийн багш Ардын жүжигчин Лхамхүү багш байна. Намайг оюутан байхаас чи театрын л жүжигчин болно шүү, хошин шог, кино хөөхгүй шүү гэж захиж сургадаг байсан.
-Бүтээхийг хүсч мөрөөдөж явдаг дүр?
-Жүжигчин хүн ямар ч дүрд тоглоход бэлэн байдаг. Жүжигчин хүний мөрөөдөл хязгааргүй. Холливуудын хэмжээнд биш юм аа гэхэд Азийн хэмжээнд гарах юмсан гэсэн сайхан мөрөөдөл байдаг. Олон сайхан түүхэн дүрүүдэд тоглох юмсан гэж боддог. Ер нь миний мөрөөдөл хязгааргүй л дээ.
-Холливуудын кинонуудаас хамгийн үзэх дуртай ямар кино байдаг вэ?

-Хамгийн түрүүнд сэтгэлд бууж байгаа нь Steven Speilberg-ийн “Форест Гамп”, бас “Загалмайлсан эцэг” байна. Хамгийн сүүлд үзсэн “Avatar” кино үнэхээр гайхалтай Тэр Холливуудын кино ертөнц бол тэнгэрт байгаа юм байна гэж бодсон доо. Гэхдээ одоо манай кино урлаг хөгжсөөр л байгаа, илүү сайн болно гэж найдаж байгаа.
-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
-Өө, би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөгжим бүжгээс гаран тавдугаар дунд сургуульд ирсэн ч гитар хөгжим тоглодог, аливаа урлагийн үзлэг, спортын арга хэмжээ гээд бүх л юмыг нуруун дээрээ авч явдаг, бүхний урд нь л явдаг хүүхэд байсан. Оюутан болоод дөнгөж арван жилээ төгсөөд орж ирсэн хүүхэд чинь яг тэр эрчээрээ л явлаа. Би бага тойрогт өссөн бага тойргийн хүүхэд.
-Урлагийнханд чөлөөт цаг гэж ховор байдаг, та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ?
-Гэртээ л байх дуртай. Сайхан амраад авгайгийнхаа хоол, цайг идэж уугаад л хүүхдүүдтэйгээ тоглоод байж байх л хамгийн сайхан амралт болдог.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Миний ханийг Оюунжаргал гэдэг, герман хэлний орчуулагч мэргэжилтэй бүсгүй бий. Одоо маамуулаад гэртээ байгаа. Охин маань ой гурван сартай, Энэрэл гэдэг. Хүүг маань Тэмүүлэн гэдэг, 11 нас хүрч байгаа, нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр анги. Урлагийн хүмүүс тэр бүр гэртээ зав гаргаж амждаггүй. Хүүхнүүд нь гэрийн ажилд муу гэж хэлүүлэх жишээтэй. Манай эхнэр миний мэргэжлийг их ойлгож дэмждэгийн хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Амьдралын тань хамгийн дурсамжтай үе хэзээ байсан бэ?
-Дурсамжтай үеүүд зөндөө л байна даа. Анх сургуульд орсон үе, оюутан болсон, театрт орсон, олон жүжиг киноны нээлтүүд, үзэгчдийн урам хайралсан алга ташилтууд, гадаадад олон орноор тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэсэн гээд л урлагийн хүмүүст дурсамжтай зүйлүүд олон байна аа. Хамгийн анх аав болсон маань л хамгийн дурсамжтай үе байсан болов уу гэж бодож байна.
-Аз жаргал гэж таныхаар юу вэ?
-Гэр бүл, эрүүл энх өвчин зовлонгүй байх л аз жаргал даа.
-Хэрвээ та эмэгтэй хүн байсан бол ямар эмэгтэй байх байсан бол оо?
-Өө, их ааштай шарвагнасан, ширэв татсан л хүүхэн байх байсан даа гэж бодож байна /инээв/
Танд уран бүтээлийн амжилт хүсье

Жүжигчин Г.Амгаланбаатарын тоглосон “Яаж амьдрах юм бэ” жүжиг энэ сарын 13-ныг хүртэл Драмын театрт тоглогдох юм.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж