Возняцки дэлхийн номер нэг теннисчин боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Возняцки дэлхийн номер нэг теннисчин боллоо

Данийн теннисчин Каролина Возняцки Бээжин хотноо үргэлжилж буй China Open тэмцээний шөвгийн наймд шалгарснаар ирэх долоо хоногт шинэчлэгдэн гарах дэлхийн эмэгтэй талбайн теннисчдийн чансааны жагсаалтыг тэргүүлэх боломжтой боллоо. Өчигдрийн тоглолтод Возняцки Чехийн теннисчин Петра Квитоваг 6-3; 6-2 харьцаатай ялж, дөрөвний нэг шигшээд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд ингэснээр WTA-ын чансааны жагсаалтад оноогоор Серена Уильямсыг давж, жагсаалтыг тэргүүлэх болж байна. Тэрбээр ийнхүү дэлхийн чансааны жагсаалтын тэргүүнд бичигдэх анхны Данийн тамирчин болж байгаа юм.

Уильямсын тухайд хөлийн гэмтлийн улмаас “Уимбльдон”-д түрүүлснээс хойш нэг ч уралдаан, тэмцээнд оролцоогүй нь Возняцкид том боломж олгосон гэж болно. Өнгөрсөн хугацаанд WTA-ын дэлхийн чансааны жагсаалтыг нийт 19 тамирчин тэргүүлж байсан ба Возняцки ийнхүү 20 дахь нь болж байгаа юм.

WTA Tour тэмцээний дарга Стейси Алластер Возняцкийн талаар хэлэхдээ хэдийгээр нэг ч удаа “Их дуулга”-аас цом хүртэж байгаагүй боловч дэлхийн чансааг тэргүүлэх шилдэг тамирчин гэсэн байна.

China Open тэмцээний тухайд Каролина Возняцки шөвгийн наймд Сербийн теннисчин Ана Ивановичтай тоглохоор болжээ. Иванович ОХУ-ын теннисчин Елена Дементьеваг 7-6; 7-6 харьцаатай буулган авснаар дөрөвний нэг шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна. Мөн нутгийн тамирчин Ли На Германы Анжелика Керберийг 6-2; 6-0 харьцаатай төвөггүй хожсоноор шөвгийн наймын эрхийн авчээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж