Педроза Малайзын гран-прид оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Педроза Малайзын гран-прид оролцохгүй

Өнгөрсөн долоо хоногт Японы гран-при уралдааны өмнөх бэлтгэл гарааны үеэр осолдож, эгэмний ясаа хугалсан Испанийн нисгэгч Дани Педроза ирэх ням гаригт болох Малайзын MotoGP уралдааныг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ. Дэлхийн аваргын төлөөх гол өрсөлдөөнийг бий болгож байсан Педроза ийнхүү нэг уралдааныг өнжсөнөөр ерөнхий дүнгээр тэргүүлж буй Хорхе Лорензо Сепангийн гараанд ердөө эхний 10-т багтаж, барианд ороход л мотоциклийн уралдааны MotoGP ангиллын 2010 оны дэлхийн аваргын болзлыг хангах юм.

Repsol Honda багийн тамирчин Педроза Мотегид болсон уралдааны бэлтгэлийн үеэр осолдож, улмаар эгэмний яс нь хоёр хэсэг газраа хугарсан бөгөөд яаралтай хагалгаанд орсон билээ. Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд Лорензогийн дараа хоёрдугаарт бичигдээд байсан Педрозаг уг нь Малайзын гараанд оролцоно хэмээн найдаж байсан юм. Харамсалтай нь, энэ найдвар талаар өнгөрсөн тухай албан ёсоор мэдэгдлээ. Repsol Honda багаас хийсэн мэдэгдэлд “Педроза гэмтлээ бүрэн илааршуулахын тулд гэртээ байх нь дээр гэж үзсэн. Түүний шийдвэрийг хүн бүр ойлгож, хүлээн авна байх. Тэрбээр Австралийн гран-при уралдаанд оролцохоор төлөвлөөд байгаа. Тус уралдааны бэлтгэл гараа энэ сарын 15-нд болно” гэжээ.

Түүнчлэн Малайзын гран-прид Педрозаг орлох нисгэгчийг уралдааны талбарт гаргахгүй гэдгийг ч багийн удирдлага мэдэгдсэн байна. Ингэснээр Италийн тамирчин Андреа Довизиосо тус гараанд ганцаараа багаа төлөөлөн уралдах юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж