“Лапуа” компани О.Гүндэгмаатай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Лапуа” компани О.Гүндэгмаатай гэрээ байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлалын хүрээнд монголын тамирчдад амжилт гаргах урам өгсөн нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо.Бүх төрлийн бууны сум үйлдвэрлэгч, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч  “Лапуа” компани Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Отрядын Гүндэгмаатай хамтран ажиллах болсноо мэдэгдэж, гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор, манай тамирчны 2012 он хүртэл буюу Лондонгийн олимп хүртэлх бэлтгэл сургуулилтын сумны хэрэгцээг хангах, Берлин дэх буудлагын бэлтгэл сургуулилтын төвд бэлтгэл хийх болон бусад техникийн дэмжлэгийг манай тамирчинд үзүүлэх юм.

О.Гүндэгмаа “Лапуа” компанийн хамт олонд талархал илэрхийлээд, Лондонгийн олимпоос алтан медаль авахын төлөө хичээх болно гэлээ.“Монголын тамирчинд олимпийн алтан медальд хүрэх урам өгч байгаадаа баяртай байна. Бид дэлхийн нэр хүндтэй тамирчидтай хамтран ажилладаг бөгөөд цаашдаа ч монголоос дахин олимпийн алдартан төрвөл хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээн “Лапуа” компанийн дэд Ерөнхийлөгч Маркку Кортесожа хэлэв. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын багт хүндэт зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Отрядын Гүндэгмаа, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга Цагаандалайн Хонгорзул нар явж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биеийн тамир спортыг дэмжих бодлогынхоо хүрээнд, тамирчдын амжилт гаргах нөхцөл бололцоог сайжруулахад анхаарсаар ирсэн билээ. Түүний нэг илрэл нь энэхүү айлчлалын хүрээнд зурагдсан гэрээ болж байна.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж