Берлускониг хэрэгт татаж мэдэхээр байна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Берлускониг хэрэгт татаж мэдэхээр байна

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони хөнгөмсөг зан араншингаасаа болж байнга элдэв хэл аманд өртөж ирсэн бол энэ удаад нэлээд нухацтай асуудалтай орооцолдож эхлэв бололтой. Италийн прокурорын байгууллага ерөнхий сайдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон насанд хүрээгүй биеэ үнэлэгчидтэй бэлгийн харилцаанд орсон гэх үндэслэлээр хэрэгт татахаар болж байгаа аж. Миланы прокуороын газрын тэргүүн Либерати өнөөдрөөс дээрхи хэргүүдтэй холбогдолтой бичиг баримтуудыг шүүхэд илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Эдгээр ноцтой баримтууд дотор анхаарал татаж байгаа нь Италийн ерөнхий сайд тухайн үедээ 17 настай байсан марокко гаралтай бүжигчин бүсгүй Рубитай холбоотой байсан баримтууд юм байна. Берлускони бүжигчин бүсгүйг хулгайн хэргээр цагдаагийн хэсэгт хоригдож байх үед нь цагдаагийн газар луу нь утасдаж тэр дор нь суллуулсан болох нь батлагджээ. Тэрээр өөрийн энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүн сэтгэлийн тус байсан гэж тайлбарласан гэнэ. Харин Руби бүсгүйн хувьд Берлусконийн зохион байгуулсан үдэшлэгт оролцон мөнгө авч байснаа хүлээсэн ч тэр нь секс үйлчилгээний хөлс байсан гэх үндэслэлийг нь няцааж байгаа гэнэ. Руби бүсгүй Берлусконитой эр эмийн харилцаатай байгаагүй гэж мэтгэж байгаа ч италийн прокурор өөр байдлаар авч үзэх бололтой. Италид биеэ үнэлэгчдийн үйлчилгээ авахыг хориглодоггүй ч хэрэв насанд хүрээгүйчүүдээр үйлчлүүлсэн бол шоронд суух ялтай байдаг аж. Италийн прокурор ерөнхий сайдад тулгасан хэргийг тус тусад нь салган мөрдөж болзошгүй байгаа бөгөөд сарын өмнө Италийн Үндсэн хуулийн шүүх ерөнхий сайдын халдашгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсныг дэмжсэнээс хойш Берлусконийн хувьд байдал тун амаргүй болж байгаа ажээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж