Португалийн Гадаад хэргийн сайд Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Португалийн Гадаад хэргийн сайд Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Португалийн Гадаад хэргийн сайд ноён Луйш Амадо бараалхав. Монгол Улс Португал Улстай 1974 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ноён Л.Амадо нь тус улсаас манай улсад айлчилж буй анхны өндөр хэмжээний зочин юм. 2009 оны 1 дүгээр сард хоёр улсын хооронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг Лисбон хотноо талууд үзэглэсэн байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Португал Улсаас анх удаа өндөр хэмжээнд айлчилж буй ноён Л.Амадод талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, харилцан бие биенээ дэмжиж ажиллах боломжуудын талаар ярилцав.
Ноён Л.Амадо хэлэхдээ, Монгол Улс нь Азидаа, бүс нутагтаа ардчилсан нийгмийн шилжилтийг улс төр, эдийн засгийн хүрээнд цогцоор нь амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл өндөр байгаа гээд цаазаар авах ялыг дэлхийд халсан анхдагч орнуудын нэгийн хувьд Португал Улс нь өнгөрөгч 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг ялд хориг тавьсанд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид тус ялыг Монголын эрх зүйн тогтолцоос бүрэн халахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Удахгүй 10 жилийн ой нь тохиох “Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг”-ийг тус улс тэргүүлж байсан бөгөөд энэ жил Литви улс даргалж байна. 2011-2012 онд Монгол улс тус нийгэмлэгийг тэргүүлэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж