Италид болсон раллигийн үеэр осолдож, эмнэлэгт хүргэгдэн улмаар мэс засал хийлгэсэн “Формула нэг”-ийн Renault багийн нисгэгч Роберт Кубицагийн гарны гэмтэл санаснаас бэрх байж, дахин мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон учир наанадаж хоёр сарын хугацаанд уралдааны талбарт гарах боломжгүй болжээ. Тийм учраас багийн удирдлага дээрх хугацаанд Кубицаг орлох нисгэгчийн эрэлд гарсан байна. Энэ талаар Renault багийн дарга Эрик Боуллиер өчигдөр мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр Бруно Сенна, Витантино Льюцци, Ник Хайдфилд нар хамгийн боломжтой нисгэгчид гэнэ. Одоогоор чухам хэн нь Кубицагийн оронд Renault-гийн R31 загварыг хөлөглөн “Формула нэг”-ийн уралдааны замд гарахыг хараахан шийдээгүй байгаа ажээ.
Эмч мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар Кубица ямар ч байсан 2-3 долоо хоног эмнэлэгт байж, эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд бүрэн эдгэрэхэд бараг нэг жил шаардлагатай гэсэн байна. Өнгөрөгч ням гаригт болсон раллигийн үеэр осолдсоноор Кубица Генуя хоттой ойролцоох эмнэлэгт хүргэгдэж, долоон цаг үргэлжилсэн мэс засалд орсон юм. Хэт хурдтай давхиж байсан учир Кубицагийн машин замаас гарч, эрбээр баруун гартаа хүнд гэмтэл авснаас гадна хөл нь хугарчээ.
С.Цэлмэг