NHL маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

NHL маргааш нээлтээ хийнэ


Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 93 дахь удаагийн улирлын тоглолтууд маргааш нээлтээ хийх гэж байна. Ингэхдээ өөрийн тивд биш Европ тивд нээлтийн тоглолтуудаа үзэгчдэд өргөн барьж байгаа юм.

Тус лигийн хувьд дөрөв дэх жилдээ дараалан нээлтээ Европ тивд хийж байгаа. Энэ нь мэдээж өөрийн лигийг дэлхийн хамгийн их үзэгчтэй, хүчирхэг лиг болгох гэсэн бодлого. Европоос өрсөлдөгч лигүүд хэдэнтээ төрсөн учир авч хэрэгжүүлж байгаа бодлого нь энэ юм.

Энэ жилийн хувьд илүүтэй онцлогтой. Нийтдээ зургаан баг Европ тивд нээлтийн тоглолтуудаа хийх гэж байна. Чехийн нийслэл Праг хотноо “Финикс Коёотс”, “Бостон Брунс” багууд тоглох бол Финляндын Хельсинк хотод “Миннесота Уайлд”, “Каролина Харрикейнс” багууд, харин Шведийн Стокхолм хотноо “Колумбус Блу Жакетс”, “Сан Хосе Шаркс” багууд тоглох хуваарьтай байна.
Финикс, Бостон багуудын тоглолт маргааш болох бол үлдсэн хоёр тоглолт манай цагаар бямба гаригт болох юм.

Европт хийж байгаа энэхүү тоглолт багийн хэд хэдэн тоглогчдын хувьд онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр дундаа Петр Пруча, Радим Врбата нарын хувьд. Өмнө нь “Рейнжирс”, “Лайтинг” багуудын хамтаар Чехэд ирж тоглож байсан хоёр тоглогч улсынхаа нийслэлд ирж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

Нийт зургаан баг Европт нээлтийн тоглолтоо хийх нь шайбтай хоккейн гайхамшгийг энэ тивийн үзэгчдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлэх болно. Ингэснээрээ тус лигийн сонирхох үзэгчдийн тоо тэр хэмжээгээр нэмэгдэж,  ирээдүй болоод орлого мөн энэ хэмжээгээрээ өсөх юм.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд тус лигийн тоглолтууд албан ёсоор дамжуулах эрхийг NBC, Versus телевизүүд авчээ. Эдгээр телевизүүд 2011 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “Каролина Харрикейнс” багийн мөсөн талбайд зохиогдох 58 дахь удаагийн бүх оддын тоглолтыг мөн шууд дамжуулах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж