Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт зөвлөгөөнд оролцон, оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ. Тэрбээр Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн даргын албыг давхар хашдаг юм байна.

 Ерөнхий сайд С.Батболд үгийнхээ эхэнд Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс сүүлийн таван жилд 130-аад орноос 119-99 дүгээр байруудыг эзэлж байна гэдгийг тэмдэглэлээ. Цааш нь хэлэхдээ “Доош татаж буй үзүүлэлтүүд нь институц, дэд бүтэц, санхүүгийн тогтолцоо, технологи, инновацийн сул хөгжил юм. Өнөөгийн байдлаар манай дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28,7, боловсруулах салбарын эзлэх хувь дөнгөж 6,2 байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа, ойрын жилүүдэд баялгийн салбараас хамаарах хамааралт улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг тэрбээр дурдлаа. 

Засгийн газрын тэргүүн манай улсад шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбох, мэдлэг, технологид суурилсан эдийн засгийн үндсийг тавих, инновацийн эдийн засгийг хөгжүүлэх бодит шаардлага байгааг дараах үндэслэлүүдээр тайлбарласан юм.

Хөдөө, аж ахуй, аж үйлдвэрийн эрчимжилт багатай эдийн засгийн хөгжлөөс мэдлэгийн эдийн засагт шилжих  шилжилтийг эхлүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг улам дээшлүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, үндэсний баялгийг богино хугацаанд нэмэгдүүлэх зэрэгт эрдэмтэн судлаачдын үүрэг чухал болохыг Ерөнхий сайд онцолж байлаа.

Мөн тэрбээр шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зүүн Европийн орнууд болон Канад Улсын хөгжлийн загвар, үйлдвэрлэл, технологийн стандарт, хөгжлийн туршлагаас судлахыг зөвлөгөөнд оролцогчдоос хүсээд хөгжиж буй улс орны хөгжлийн нэг гол тулгуур нь өндөр хөгжсөн орнуудын технологи, хөгжлийн туршлагаас судлах, хуулбарлах бодлого барьдаг талаар зарим орны хөгжлөөр жишээ аван тайлбарлалаа.

Шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанаас гадна эдийн засаг, нийгмийн салбар бүрт хэрэгжүүлж байгаа судалгаа, төсөл, аж ахуйн үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэд ололт, шинэ стандарт, арга зүйг аль болох шуурхай нэвтрүүлэх тогтолцоо, үүнийг дэмжих арга замуудыг хэрэгжүүлэх зорилт бидний өмнө байна. Богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй байж магадгүй ч ажил хэрэг болгох зөв хандлагаа тогтоох нь зүйтэй. Үүнд энэ зөвлөгөөн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд тодотголоо.    

Улс орны эдийн засагт ойрын жилүүдэд бий болохоор байгаа нааштай өөрчлөлт, хандлага, дотоодын боловсон хүчний нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, улс орныхоо хөгжлийг түүхий эдийн экспорт, борлуулалтад түшиглэсэн үе шатнаас дараагийн илүү хурдацтай, дэвшилттэй хөгжлийн үе шатад хүргэх нь бидний эрхэм зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн чухалчлан хэллээ.

Монгол Улсын Төрийн ордонд өнөөдөр болсон “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж