Кунжи Жамалудеен: Монголчууд хөлбөмбөгийг дэмжих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Кунжи Жамалудеен: Монголчууд хөлбөмбөгийг дэмжих хэрэгтэй

Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалт манай улсад тав дахь удаагаа болж байна. Монголын хөлбөмбөгийн холбооны урилгын дагуу манай оронд AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн семинар болж байна. Уг сургалтыг Сингапур улсын иргэн, AFC-гийн зааварлагч Кунжи Жамалудеен удирдаж байгаа. Өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн 12 хоног үргэлжлэх сургалт маргааш өндөрлөнө. Өдөр болгон танхимын болон дадлагын тус бүр хоёр хичээлтэй, нарийн төлөвлөгөөний дагуу болж буй семинарт хөлбөмбөгийн клуб, дунд сургуулийн 24 дасгалжуулагч хамрагдаж байна. Манай улсад Азийн болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны семинар олон болдог бөгөөд яг одоо болж буй AFC-гийн “С” ангиллын сургалтыг өмнө нь дөрвөн удаа зохион байгуулжээ. Анхных нь 1997 оны наймдугаар сарын 2-13-нд болж, хонгконг мэргэжилтэн Чанг Ён Чон удирдахад 20 дасгалжуулагч хамрагдаж байв. Түүнээс хойш 2000, 2005, 2007 онд болсон. Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болж буй ээлжит сургалтын үеэр зааварлагч багш Кунжи Жамалудеентай уулзаж ярилцлаа.

-Азийн хөлбөмбөгийн холбоо­ноос хэдэн төрлийн үе шаттай сургалтыг явуулдаг вэ?

-Одоо болж байгаа “С” болон “В”, “А”, мэргэжлийн ангиллын сургалтыг хийдэг. Үнэхээр дасгалжуулагч болохыг хүсвэл 30 нас хүрэхээсээ өмнө “С” ангиллын лицензтэй байх ёстой. Харин мэргэжлийн ангиллынх болмоор байвал 40-өөс доош настай байх шаардлагатай. Одоо сургалтад хамрагдаж байгаа багш нараас хоёр нь 40-өөс дээш настай байна. Хэрвээ үнэхээр энэ ажилдаа сонирхолтой, арга барил сайтай бол МХБХ-оос Азийн хөлбөмбөгийн холбоо руу албан ёсны захидал бичиж, дараагийн сургалтад хамруулах боломжтой.

-Монгол дасгалжуулагч нартай ажиллахад хэр байна. Манай оронд хэд дэх удаагаа ирж байгаа вэ?

-Эхний хоёр хоног хэцүү байсныг нуухгүй ээ. Дасгалжуулагч нар юу хийхээ сайн ойлгохгүй байсан. Харин гурав дахь өдрөөс би бүгдэд нь дасгалжуулагч хүн ямар байх, юу хийх ёстойг нь сайн хэлсэн. Түүнээс хойш бүгд илт сайжирсан. Шалгалтуудаа хүртэл сайн өгч байна. Монголд анх удаа ирж, сургалт явуулж байгаа. Өмнө нь 2005 онд манай Сингапураас өөр нэг багш ирж яг энэ “С” ангиллын сургалтыг удирдаж байсан юм билээ.

-Манай улсад өмнө нь Азийн болон олон улсын хөлбөмбөгийн холбооны шугамаар олон сургалт болж байсан. Тухай бүрт 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж хичээл заадаг. Харин энэ удаа та ганцаараа иржээ. Ядарч байна уу?

-Үүнд асуудал байхгүй ээ /инээв/. Хэрвээ надад хэцүү байсан бол МХБХ-ны дасгалжуулагч нараас нэгийг өөртөө туслуулах байсан. Саяхан болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалтад гурван зааварлагч ирсэн юм билээ. Тэд яг өөрийн заах ёстой хичээлээ заасан.

-Намрын улирал дундаа орж, сэрүүслээ?

-Халуун орноос шууд хүйтэн газарт ирэхэд их хэцүү байсан. Орой унтахад хүртэл цагийн зөрүү гараад асуудал тулгарсан. Харин одоо дасаад гайгүй болж байна. Надад Монголын цаг агаар таалагдаж байна.

-Таны дараагийн очих орон ямар улс вэ. Төлөвлөгөө гарсан уу?

-Сингапуртаа буцаж очно. Азийн хөлбөмбөгийн холбооны орон нутгийн сургалтуудыг явуулна, сургуулиудаар явж дасгалжуулагч нарын ажилтай танилцана. Тэнд миний хөлбөмбөгийн академи байдаг юм. 200 гаруй хүүхэд сургаж байгаа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-МХБХ урьж, энэхүү сургалтыг хийлгэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар энэ бүгдийг харж, тусалж дэмжих хэрэгтэй байна. Хэрвээ хөлбөмбөгийг дэмжвэл ажлын байр олноор нэмэгдэнэ. Энэ спорт руу бүгд хошуурдаг шүү дээ.

Д.НАНЖИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж