Чөлөөтийнхөн Якутаас иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Якутаас иржээ

Якутын нийслэл Саха хотноо энэ сарын 1-3-ний өдрүүдэд болсон ОХУ-ын домогт тамирчин, дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны олон улсын III тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өчигдөр орой эх орондоо ирээд байна. Тэмцээнд Украйн, АНУ, Турк, БНХАУ, Азербайжан, ОХУ, Монгол зэрэг нийт 13 орны 118 тамирчин зодоглосноос манай улсаас долоон тамирчин, дасгалжуулагч, хоёр шүүгч, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Манай тамирчдаас 120 кг-ын жинд барилдсан “Сүлд” спорт хорооны тамирчин Ж.Чулуунбат дөрвөн тойрог барилдсанаас гурав ялж, нэг ялагдсанаар хүрэл медаль хүртэж, 1000 ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Тус жинд 13 орны 13 тамирчин зодоглосноос манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн залуучуудын аварга, ОХУ-ын бөхийг илт давуу ялж, медалийн тавцанд гарсан байна. Мөн Монголын баг тамирчдаас 74 кг-ын жинд Д.Гомбодорж хүрэл медаль хүртсэн бол 66 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Б.Анхбаяр шагналт тавдугаар байрт шалгарсан талаар бид мэдээлж байсан билээ. Түүнчлэн н.Сэрээтэр, н.Төмөрбаатар нар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтаж ажилласныг дашрамд дуулгая.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж