“Барса”, “Реал Мадрид” орлогоо харамлав

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Барса”, “Реал Мадрид” орлогоо харамлав

Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болон хоёрдугаар дивизионы багийн удирдлагууд өчигдөр Мадрид хотноо уулзаж, телевизийн орлогоо хэрхэн хуваарилах талаар ярилцлаа. Ялангуяа дээд лигийн 20 багийн уулзалт олны анхаарлын төвд байсан нь телевизээс олох орлогыг тэнцүү хуваарилах санал яригдаж байсан болохоор тэр. 1996 оноос хойш “Реал Мадрид”, “Барселона” багууд телевизийн нийт орлогын тэн хагасыг нь авдаг байсныг бусад жижиг багууд эсэргүүцэж, гомдол тавьжээ. Тэд энэ уулзалтаар дээрх хоёр багийг буулт хийхийг шаардсан ч үр дүнд хүрсэнгүй. Яг одоо Испанийн дээд лигт телевизийн төлбөр гэж 600 сая орчим ам.доллар орж ирдэг. Энэ мөнгөний тэн хагасыг “Реал Мадрид”, “Барселона” багууд хуваан авч, үлдсэн мөнгөн дээр бусад 18 баг “алалцдаг” гэхэд болно. Уулзалт энэ мөнгийг аль болох тэнцүү хуваах зорилготой байсан юм. Уг нь уржигдар болсон уулзалтын үеэр “Реал”, “Барса” багууд нийт мөнгөний 34 хувийг авч, “Атлетико Мадрид”, “Валенсия” багууд 11 хувь, үлдсэн 55 хувийг үлдсэн 16 баг авах санал яригдсан ч өчигдөр “Севилья”, “Вильярреал” багууд үүнийг эсэргүүцсэнээр уулзалт үр дүнгүй өндөрлөжээ.

“Севилья”, “Вильярреал” багийнхан “Реал”, “Барса”, “Валенсия”, “Атлетико Мадрид” багууд нийлээд 40 хувь авч, үлдсэн 60 хувийг 16 баг хуваах санал гаргасныг “Реал Мадрид”, “Барселона” багууд эрс эсэргүүцсэн байна.

Жил ирэх бүр Испанийн Ла лигт телевизээс орж ирэх мөнгө өссөөр байгаа. Ирэх жил гэхэд нийт төлбөр 600-900 сая болтлоо өсөх тооцоо аль хэдийнэ гарчээ. Гэхдээ багууд тохиролцоонд хүрч чадахгүй бол 2014 он хүртэл “Барса”, “Реал Мадрид” багууд жил бүр тал мөнгийг нь авсан хэвээр л байх болно.
 Клубын удирдлагуудын уулзалт энэ сарын 22-нд дахин болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж