Хэдийгээр өнгөрсөн онд нүүрсний экспорт зэсийнхээс давсан ч зэс Монгол Улсын эдийн засагт голлох үүргий гүйцэтгэсэн хэвээр байх болно. Өнгөрсөн оны нийт экспортод зэсийнх 26.6 хувийг эзэлсэн бол нүүрс 30 хувийг эзэлсэн билээ. Манай урд хөршид зэсийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа нь ч зэсээс олох ашиг нэмэгдэнэ гэдгийг харуулж байгаа ажээ. Зэсийн хэрэглээ, ханш ийн өсч байгаа нь Монгол Улсын төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх юм. Улмаар төсвийн орлого нэмэгдсэнээр эдийн засагт илүү их өсөлт гарах байх гэсэн хүлээлт хүн бүрт байгаа аж.
УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2011 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. УИХ, Засгийн газрын гишүүдийн сайтар хэлэлцсэний эцэст баталсан гэх уг төсөлд зэсийн үнийн төсөөллийг хэрхэн гаргасныг дахин сануулъя.
Монгол Улсын 2011 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд тулгуурлан гаргасан билээ. Төсвийн тухай хуульд энэ онд дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнийг 8425 ам.доллар байхаар тооцож тусгажээ. Түүнчлэн нэг тонн нүүрсний үнэ 128.8 ам.долларт хэлбэлзэхээр төсөөлж хуульд тооцсон. Улмаар нүүрс, зэс гэсэн голлох ашигт малтмалаас тогтворжуулалтын санд 164.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон билээ. Зэсийн үнэ 3600 ам.доллараас дээш болсон тохиолдолд илүү орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлдэг. Улмаар зэсийн үнэ үндсэн өртгөөс доогуур болсон тохиолдолд уг орлогоор нөхөх юм. Харин одоо дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ төсөв батлагчдын төсөөлснөөс даруй 1600 шахам ам.доллараар өссөн нь уг санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн таамаг байгаа аж. УИХ-ын гишүүд болон холбогдох газруудаас одоогийн байдлаар зэсийн үнэ ийн өсч байгаа нь улсын төсөвт хэдий хэмжээний орлогыг төвлөрүүлэх вэ гэдгийг тооцоолоогүй байгаа юм байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин