Венус улирлын үлдсэн хугацаанд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Венус улирлын үлдсэн хугацаанд тоглохгүй

Дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байсан Венус Уильямс өвдөгний гэмтлийн улмаас 2010 оны улирлын үлдсэн уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Ингэснээр тэрбээр Fed Cup-ын финалын тоглолт болон WTA Championships-т өрсөлдөх боломжгүй болж байгаа юм.

Өдгөө дэлхийн чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдээд буй Венус өнгөрсөн сард US Open-ы хагас шигшээд Бельгийн Ким Клейстерстэй тоглож, хожигдсоноос дахин нэг ч тоглолтод оролцоогүй билээ. Долоон удаагийн “Их дуулга”-ын цомын эзэн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Энэ улирлын сүүлийн тэмцээнүүд болох Fed Cup болон WTA Championships-т оролцох боломжгүй болсноо мэдэгдэж буйдаа харамсч байна. Өвдөгнийхөө гэмтэлд эмчилгээ, сувилгаа хийлгэж, үр дүнгээ өгч байаа боловч цаашид хэсэг хугацаанд хэт ачаалал өгөхгүй байх шаардлагатай байгаа. Тэгэхээр 2010 онд уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Харин 2011 оны улирал эхлэхэд эрүүл саруул байж, ирэх жилийн Fed Cup, WTA Championships оролцохыг хүсч байна” хэмээн ярьжээ.

Венус Уильямс 2007 оноос хойш АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Fed Cup-ын тэмцээнд оролцоогүй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард Италийн Сан Дьего хотноо болох финалын тоглолтод оролцохоор төлөвлөж байжээ. Харамсалтай нь, гэмтлийн улмаас өнжихөөс өөр аргагүйд хүрснээс гадна энэ сарын 26-нд Катарын нийслэл Доха хотноо эхлэх WTA-ын аварга шалгаруулах чухал тэмцээнийг ч өнжих болж байна. Дашрамд дуулгахад, Доха хотноо болох шилдгүүдийн халз тулаанд оролцохоор Венусын төрсөн дүү Серена Уильямс, Бельгийн Ким Клейстерс, ОХУ-ын Вера Звонарева, Данийн Каролина Возняцки, Австралийн Саманта Стосур, Италийн Франческа  Скьявоне нар эрхээ аваад байгаа юм.

Нийт 4,5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн энэ сарын 26-31-ний өдрүүдэд Доха хотноо зохиогдоно.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж