Тус нам энэ оны нэгдүгээр сарын 3-нд намын бат илэрхийлэх шинэчлэх аяныг орон даяар эхлүүлсэн бөгөөд өндөрлөх шатандаа орсон тул энэ талаар мэдээлэл хийв. Аян эхэлсэн нэг сар гаруйн хугацаанд МАН-ын нийт гишүүдийн 96.3 хувь буюу 145100 гишүүн шинэ бат илэрхийлэхээ гардан авчээ. Харин цаг агаарын хүндрэлтэй байдлаас болж, өөр аймаг сумын нутагт отроор явсан, гадаад дотоодод урт, богино хугацаагаар томилолттой яваа зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас 4896 гишүүн намын шинэ бат илэрхийлэхээ авч чадаагүй тухай МАН-ын дарга С.Батболд онцлов. Мөн энэ хугацаанд нийт 269 гишүүн МАН-аас өөрсдийн хүсэлтээр гарсан. Тэдний сонголтыг хүндэтгэж байгааг намын дарга мөн онцоллоо. Гэхдээ өнгөрсөн нэг сарын хугацаанд МАН-аас явуулж буй бодлого, үйл ажиллагаа шинэчлэлийн явцыг талархан дэмжиж, шинээр нийт 14075 хүн гишүүнээр элссэн байна.
Сэтгүүлчид МАН-ын дарга С.Батболдоос дараах асуултад хариулт авсан юм.
-Танд танай намын нэр бүхий дөрвөн гишүүн захидал хүргүүлсэн. Захидалд хариу өгсөн үү?
-Захидал бичсэн гишүүдтэйгээ уулзаж ярилцаж байгаа. Зарчмын зөрүүтэй санал байхгүй байгаа. Гэхдээ манай нам олонхийн шийдвэрээ цөөнх нь хүлээн зөвшөөрч үйл ажиллагаа явуулдаг ардчилсан зарчимтай. Тэр дагуу явж байна.
-Удахгүй танай намын 90 жилийн ой болно. Энэ ойг МАХН-ынхан бас тэмдэглэнэ гэж ярьж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ тодорхой заасан. Мөн Улстөрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2-д Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно.
15.6-д Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Хэрвээ ийм зүйл хийгдэж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл болно. Хэн ч байсан хуулийг мөрдөх ёстой.
Дашрамд сануулахад, МАН-д шинээр гишүүнээр элссэн тоогоор дараах аймгууд тэргүүлж байгаа аж. Тодруулбал, Увс аймагт 2440, Баянхонгор аймагт 1003, Баян-Өлгий аймагт 996, Ховд аймагт 948, Хөвсгөл аймагт 783, Дархан-Уул аймагт 762, Өвөрхангай аймагт 735, Архангай аймагт 731, Орхон аймагт 703, Говь-Алтай аймагт 615 хүн МАН-ыг сонгон гишүүнээр элсчээ.