Интернэт залилангийн хамгийн түгээмэл хэлбэрүүд

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Интернэт залилангийн хамгийн түгээмэл хэлбэрүүд

Интернэтээр дамжуулан мөнгө залилах олон арга байдгаас доорх таван төрлийн залилан хамгийн түгээмэл байдаг байна. Та интернэт хэрэглэдэг л бол эдгээр залиланд өртөх магадлалтай юм.

1.    Дуудлага худалдааны залилан
Ebay, Craigslist /монголд ч гэсэн энэ төрлийн сайтууд цөөнгүй бий/ зэрэг бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад иймэрхүү төрлийн залилан гарч болно. Тэд хамсаатнуудтайгаа хуйвалдах тохиолдол цөөнгүй бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж, зориуд үнийг нь өсгөх тохиолдол байдаг. Түүнчлэн зарж байгаа бараа хуурамч, хулхи байх нь элбэг. Хэдий сертификат, албан ёсны гэж тодотгосон байсан ч та зөв наймаа хийж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг.

2.    Банкны залилан

Банкны хуурамч и-мейлүүд цахим шуудангийн залилангийн дийлэнх хэсгийг эзэлдэг. Тэд таны хаяг руу таны үйлчлүүлдэг банкны нэрийг барьж, и-мейл явуулах ба таны данс руу хэн нэгэн нэвтрэх гэж оролдсон талаар мэдээлнэ. Тэгээд тан руу линк илгээж, дансаа баталгаажуулахыг шаарддаг. Гэтэл үнэндээ банк хэзээ ч таны мэдээллийг асууж, и-мейл илгээхгүй. Харин тэдгээр луйварчид таны дансыг хоослохыг л оролдож байгаа хэрэг.

3.    Үнэгүй бараа

И-мейлээр таныг үнэгүй лэптоп, iPhone хожсон зэрэг мэдээлэл нэг бус удаа ирж л байсан байх. Тэд Билл Гейтс, “Microsoft”, “Apple” зэрэг нэр хүндтэй хүмүүс, компанийн нэрийг барьж, энэ төрлийн шуудан илгээдэг. Улмаар тэрхүү хожсон бүтээгдэхүүнээ авахын тулд таныг хаяг, кредит картныхаа дугаарыг өгөхийг хүснэ. Харин дараа нь гэнэтхэн л нэг өдөр таны картнаас өчнөөн хэмжээний мөнгө гарсан байхыг олж мэднэ. “Congratulations! You have won …..” зэрэг и-мейлүүдэд хэзээ ч бүү итгэ.

4.    Буяны үйл ажиллагааний нэрийг барьж мөнгө залилах

Дараагийн нэг томоохон залилан бол 9-р сарын 11-ний террорист ажиллагаа, газар хөдлөл, байгалийн гамшиг зэргээс үүдэн гарсан байна. Тэд мөнгөө хаана зарцуулахаа мэдэхгүй байгаа, буян үйлдэхийг хүсч байгаа хүмүүсийг ашиглаж, тэдний мөнгийг луйварддаг. Тэд таны и-мейл хаягаар мөнгө хандивлахыг уриалсан шуудан илгээнэ. Тиймээс үнэхээр мөнгө хандивлахаар шийдсэн бол тухайн и-мейл үнэхээр албан ёсны байгууллагаас ирсэн эсэхийг сайтар шалгах нь зөв.

5.    Хулгайн хэргүүд
Энэ нь таны танил хэн нэгэн хулгайлагдсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлахад мөнгө хандивлах, эсвэл таны бичиг баримт хэн нэгэн гэмт этгээдэд байсан бөгөөд таныг өөрийн мэдээллээ баталгаажуулахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардана. Хэрэв танд ийм и-мейл ирвэл шууд л цагдаад хандахыг зөвлөе. Ямар ч тохиолдолд хэн нэгэнд өөрийн мэдээллээ өгөхгүй байх нь таныг аль ч тохиолдолд аюулаас хамгаалах болно. Эсвэл заавал и-мейл явуулсан байгууллагын албан ёсны оффис руу утасдаж асуух нь зүйтэй.

Мэдээллийн эх сурвалж: tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж