Шүүхийн шинэтгэл хаана хүрээд зогссон бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэл хаана хүрээд зогссон бэ?

Нэгэн хип хоп дуучин нэрд гарсан имижмейкэрээс ярилцлагандаа юу гэж яривал олонд таалагдахыг асуухад өнөөх төгс төгөлдөр мэргэжилтэн нь “монголчууд ээж, морь, эх орон” гэж ярьсан хүнд дуртай байдаг гэжээ. Баавартай хип хопчин ярилцлаган дундуураа гэнэт “ээж гэдэг чинь юу сан билээ, морь гэдэг чинь юу билээ, тэгээд л ойлгочих” гэсэн юм гэнэ лээ. Том гарчиг тавьчихаад юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа надад ёстой л “Шударга ёс гэдэг чинь юу сан билээ, тэгээд л ойлгочих” гэмээр санагдаад болдоггүй.

Тийм ээ, шүүхийн шинэтгэл бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийнхаа үеэр дэвшүүлсэн “Шударга байцгаая” урианых нь амин сүнс байсан юм.
Энэ нь иргэн миний гэм зэмийг нэг орчинд, Их хурлын гишүүн эрхмийн зэм, ялыг бас нэг өөр орчинд шүүдэг байх ёсгүй л гэсэн үг. Хууль, шүүхийнхэн алив нэг асуудлыг ямарваа хүчин зүйлийн нөлөөгөөр хуулиас өөр орчинд шийддэг Монголын эмгэнэлд эцэс тавья гэсэн Ц.Элбэгдоржийн шүүх, эрх мэдлийн шинэтгэл хаа хүрээд чимээ алдарчихав аа?

Өнөөдөр шүүхийн шинэтгэлийн асуудлаар хэн ч дуугарахгүй байна. Тэр ч байтугай Ерөнхийлөгч бүүр ч дуугарахгүй байна. Энэхүү чимээгүй байдлыг хамгийн сайн мэдэрч байгаа нь харин ард түмэн, иргэд юм. Учир нь цагдаа, мөрдөн, шүүх шинэчлэгдээсэй, “хараал иддэг” цагдааг хараад хайр хүрдэг болоосой гэж хүсэн хүлээж байгаа хүмүүс чимээгүй байдлыг сонсч байна. Магадгүй тэдний зарим нь үүнийг бүр зүрхэндээ ойрхон хүлээж авч байгаа… Шүүхээр хэргээ шийдүүлэх гээд хоёр жилд нь чулууг нясалсан шигээ хүлээж суухаас өөргүй мухардсан хөдөөний нэг эр… Зургаан сарын нэгэнд болсон шүүх хурлаас ял сонсчоод сар хүрээгүй манцуйтай хүүгээ орхиод шорон явсан эх…

Шүүх, цагдаа, хуулийн байгууллагынханд гомдолтой байгаа тэднээс үнэндээ сонин хэвлэлийнхэн ч зай баримтгай. Яагаад гэвэл хэдэн зуугаараа тоологдох тэдний гомдол, зовлонг сонсч, хэвлэлд нийтэлнэ гэвэл бараг­дашгүй, хүчрэгдэшгүй ажил ундарна гэсэн үг. Харин тэрний оронд шүүх эрх мэд­лийн шинэтгэл хаачив аа гээд хөөвөл хол явахгүй хариулт олж болох байх. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар жил шахам бэлтгэгдэн боловсорсон шүүхийн шинэтгэлтэй холбоотой хуулийн төслүүдийг ердөө УИХ хэмээх цоожтой авдарнаас л хайхад болох юм. Шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх учиртай Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд Авлигын хэрэгтэй холбоотой бүлэг нэмэх, түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэлгүй явж ирсэн юм. УИХ, цаашлаад Засгийн газрын энэхүү хандлагад Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаагаа “чимээгүй” байж илэрхийлэхээр шийджээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээний ажлуудыг одоо Ерөнхийлөгчөөс гэхээсээ илүүтэй УИХ-аас шаардах хэрэгтэй болжээ.

Харин Их хурал нийгмийн байгууламжийн суурь асуудлуудыг шийдье гэхээс илүүтэй өөрсдийн сонгуулийн амлалтыг биелүүлэх, сонгогдсон жалга, довныхоо эрх ашгийг хөөсөн популизм хийсээр хоёр жилийг үдэх нь ээ. Маш олон асуудлыг араасаа дагуулаад цэгцлэх ёстой Сонгуулийн тухай хуулийг ч гишүүд өнөөдөр өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр шамдаж байгаа нь үүний хамгийн ойрхны, тод жишээ болох биз. Сонгуулийг пропор­циональ хувилбараар явуулах нь зүй­тэй гэж ярьж байсан лидер улстөрчид хаач­сан бэ. Жишээлбэл, дөрвөн мандаттай тойргоос гурваар гарсан Ц.Нямдоржид нутаг, усны хүчин зүйлийн нөлөө ихтэй можаротор тогтолцоо ашигтай санагдсан уу. Иймэрхүү байдлаар нэгдүгээрт амин хувийн, хоёрдугаарт намын, гуравдугаарт бусад, дөрөвдүгээрт улс, үндэстний эрх ашгийг бодож шийдвэр гаргах зуршил сууж байгаа манай гишүүдэд Шүүхийн шинэтгэл хамаагүй хэрэг үү. Амласнаараа  Ц.Элбэгдорж л хийх ёстой гэж арай хэлэхгүй биз ээ. Уг нь сүүлийн хорин жилийн түүхэн дэх хамгийн сайн хүчний тэнцвэртэй энэ парламентаас олон нийт маш их зүйлийг хүлээж байгаа билээ. Тийм хүлээлтүүдийн нэг нь шүүхийн шинэтгэл.

Дараагийн сонгууль болоход үндсэндээ нэг жил үлдчихээд байхад УИХ дахь намууд амлалтаа биелүүлсэн гэдэг нэр зүүж, ам хаах гэсэн баахан мааск л бэлтгэснээс өөрөөр нийгмийн суурь асуудлуудаас юуг нь шийдэв? Азаар амлалтаа биелүүлэх сүүлчийн шаанс нь байсны хүчинд Оюутолгойн гэрээг л гацаанаас гаргав.  Гэтэл шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийн эрх зүйг шинэтгэх, шүүн таслах ажлыг шүүхийн захиргаанаас зааглах, шүүхийн байгууллага, шүүгчийг хариуцлагатай болгох, хүний нөөцийн шинэтгэл хийх зэрэг том зорилтуудад тулгуур­лан боловсруулсан багц хууль УИХ-аар батлагдсанаар л шүүхийн шинэтгэл өрнөх нөхцөл үүсэх гээд байдаг. Мөн шүүхийн хараат бус байдлыг бий болгохын тулд адаглаад төсвийг нь улсын нийт төсвийн хоёр хувьд хүргэх ёстой гэдэг. Гишүүд ирэх оны төсвийг хэлэлцэхдээ энэ талаар оролдлого хийх эсэх ч тодорхойгүй байна. Гэхдээ цоожтой ганц авдар нь парламент биш. Шинэчлэл ганц хүнээс хамааралтайгаар нэг л өдөр бий болчихдог үйл явц биш ч гэлээ хичээл, зүтгэл багаддаггүй.

Тухайлбал, зургаан жил нуувчинд амьдарсан ерөнхий прокурорыг Д.Дорлигжаваар солиход олон хүн алга ташиж, өөрт нь амжилт хүсч байсныг тэр мэдэрсэн болов уу. Мэдэрсэн гэж найдья. Тэгвэл тэр яагаад бас л чимээгүй байна? Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болмогцоо Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүх, Улсын мөрдөн байцаах газарт хаяглан явуулсан албан бичгийнхээ агуулгыг яагаад хэлбэржүүлэхгүй байна вэ. Тэрхүү албан бичгийн агуулга болох баривчлах, гүйцэтгэх ажиллагаанд прокуророос зөв­шөөрөл авах, долоо хоногийн өдөр бүр 24 цагаар прокурор ажиллуулах зэрэг санаачилга одоо өөрийнх нь хийх ажил болсон шүү дээ.

Бас олон нийтэд учир битүүлэг байгаа томоохон хэргүүд, тухайлбал, гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын нэр холбогдсон хэргүүд дээр ямар хяналт тавьсан эсэхээ яагаад мэдээлж болохгүй гэж…

Шүүх эрх мэдлийн шинэтгэл Ц.Элбэгдор­жоос эхэлсэн байх, харин одоо хаана хүрээд байна? Шударга ёс гэдэг юу сан билээ…

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж