Бельгийн теннисчин Ким Клейстерс энэ долоо хоногт болох WTA-ын ээлжит цувралд амжилттай оролцвол дэлхийн чансааг дахин тэргүүлэх боломжтой болно. Гэхдээ “Их дуулга”-ын дөрвөн цомын эзэн Клейстерсийн хувьд дэлхийн номер нэг гэх статус гол зорилго нь биш гэнэ. Нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээний аваргаар тодорсон тэрбээр энэ долоо хоногт Парисын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан тохиолдолд өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Каролина Возняцкиг гүйцэх боломжтой юм. Тэрбээр өмнө нь 2004 онд ердөө ганц удаа Paris Open-д оролцож, тэгэхдээ аваргын цом өргөж байжээ.
Өдгөө 27 настай тэрбээр дөрвөн жилийн өмнө их спортоо орхих хүртлээ 19 долоо хоногийн турш дэлхийн чансааны тэргүүн эгнээг эзэлж байсан юм.
Клейстерс Парисын нээлттэй тэмцээний эхний тойгийг өнжих бөгөөд өнөөдөр Германы теннисчин Кристина Барроистой эхний тоглолтоо хийнэ.
С.Цэлмэг