Надаль Токиод, Жокович Бээжинд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Надаль Токиод, Жокович Бээжинд ялалт байгуулав

АТР холбооны АТР World Tour 500 ангилалд багтах хоёр тэмцээн Токио болон Бээжин хотуудад нэгэн зэрэг үргэлжилж байна. Арлын орны нийслэл хотноо зохиогдож буй Japan Open тэмцээнд дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надаль, мөн Энди Роддик, Хуан Мартин дел Потро нарын тэргүүтэй 32 теннисчин тоглож байгаа бол урд хөршийн нийслэл Бээжин хотноо China Open тэмцээнд Сербийн Новак Жокович, Британийн Энди Муррей нарын дэлхийн топ 10 теннисчний долоогийн хамт шилдэг 32 теннисчин өрсөлдөж байна.

Нийт 1,1 сая ам.долларын шагналын сантай Японы нээлттэй тэмцээний тухайд тэмцээний чансааг тэргүүлж буй Испанийн Рафаэль Надаль Колумбын Сантьяго Жиралдог 6-4; 6-4 харьцаатай буулган авч, эхний хожлоо авчээ. Тоглолтын дараа Надаль “Тэр маш сайн өрсөлдөгч байлаа. Бас би бага зэрэг ядарсан байсан их болохоор хангалттай эрч хүчтэй байсангүй” хэмээн ярьжээ. Тэрбээр тэмцээний хоёрдугаар тойрогт Канадын тамирчин Милос Раониктай тоглох юм. Энэ жил 19 настай, залуу теннисчин Раоникийн тухайд тэмцээний эхний тойрогт Францын Флоран Сьерраг 6-4; 3-6; 6-4 харьцаатай буулган авчээ.

Мөн тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга Жо-Уилфред Цонга өчигдөр эхний тоглолтдоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Цонга Тайландын нээлттэй тэмцээний финалист, Яркко Ньеминентэй хоёр цаг гаруй ширүүн өрсөлдсөний эцэст Финлянд теннисчин Ньеминен 6-4; 5-7; 6-1 харьцаатай хожжээ. Түүнчлэн АНУ-ын теннисчин Энди Роддик эхний тойргийн тоглолтоо Японы Тацүма Итогийн эсрэг хийж, 6-4; 6-3 харьцаатай хожсоноор дараагийн тойрогт Францын Жереми Шардитай тоглох болсон байна.

Харин Бээжин хотноо үргэлжилж буй 2,1 сая ам.долларын шагналын сантай China Open тэмцээний тухайд дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Сербийн Новак Жокович эхний тоглолтоо зохион байгуулагч орны тамирчин Гун Мао Синий эсрэг хийж, 6-1; 6-3 харьцаатай төвөггүй буулган авчээ. Мөн Жоковичоос гадна Энди Муррей, Робин Содёрлинг, Николай Давыденко нарын шилдгүүд бүгд хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхээ авсан байна.

Дээрх хоёр тэмцээн хоёул энэ сарын 10-нд өндөрлөж, аваргууд тодрох учиртай. Харин зөрөөд 10-наас БНХАУ-ын Шанхай хотноо АТР-1000 ангилалд багтах, 3,24 сая ам.долларын шагналын сантай Shanghai Rolex Masters тэмцээн эхэлнэ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж