С.Магсар багшдаа халуун гараа сунгацгаая

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

С.Магсар багшдаа халуун гараа сунгацгаая

Монголын чөлөөт бөхийн холбоо өчигдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ удаа ямар нэгэн тэмцээн уралдаан, гавьяа шагналын тухай мэдээлэх гэсэнгүй. Харин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Солийн Магсарын бие чилээрхсэн тухай дуулгалаа. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийг 1967-1977 онд удирдаж, хожим “Алтан үе” хэмээн хэлэгдэх амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн, “Зууны манлай дасгалжуулагч” цус харваад жил болжээ. Нэрт дасгалжуулагч одоогоор гэртээ байгаа бөгөөд ярьж, хөдөлж, босч явж чадахгүй байгаа аж. Даруйхан гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ч гэр бүлийнхэнд нь дотооддоо ч үзүүлэх мөнгө байхгүй байна.  Хүнд зовлон тохиолдоно гэдэг хэцүү. С.Магсар багш өөрийн гэсэн орон гэргүй, эхнэрийнхээ хамт хүүхдүүдтэйгээ амьдардаг. Тиймээс МЧБХ санаачилж, БТСГ-тай хамтран хугацаа алдалгүй гадаадад эмчилгээ хийлгэх ажлыг эхлүүлж байна. Тэд энэхүү мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж спортын хорхойтон, хувь хүн, албан байгууллагад мэдээлж, тусламж хүсэв. Нэрт дасгалжуулагчийн эмчилгээний зардал наанадаж 20 мянган ам.доллар болох аж. Энэхүү ажилд БТСГ-ын талаас оролцож буй Эрдэм шинжилгээний сургалтын төвийн мэргэжилтэн, доктор, профессор Л.Ням “Улаанбаатар” банкны тоот 2612098327 хандивын дансны дугаарыг сайн сурталчилж өгөхийг хүслээ.


МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх бас нэг зүйлийг хүссэн юм. Д.Магсар багш хоёр жилийн өмнө олимпийн наадмын 100 жилийн түүхийг багтаасан“Афинаас Афинд” хэмээх гайхалтай ном туурвисан билээ. Нэг бүр нь 120 мянган төгрөгийн үнэтэй уг номоо урд хөршид хэвлүүлэхийн тулд багагүй зардал гаргасан. Энэхүү сайхан бүтээл нь борлогдож дуусалгүй үлдээд байгаа аж. Тиймээс өнгөрсөн зууны тойм болсон уг бүтээлийг хүмүүс худалдан авч туслахыг уриаллаа. Үүний дараа Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багшийнхаа тухай ярьсан. “С.Магсар багш дасгалжуулагчаас гадна спортын мундаг зүтгэлтэн. Баг тамирчдынхаа менежментийг хийдэг, тэмцээн уралдаанд явахад шавь нарынхаа аав, эмч, тогооч, зурагчин нь болж явсан хүн юм. Сүүлийн жилүүдэд бөхийн чөлөөт барилдааны эрдэм шинжилгээний, судалгааны ажил хийж байсан. Компаниуд багшид маань туслаарай” хэмээсэн.

Хандивын үйл ажиллагааг зохион байгуулагчид энэ тухай Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт дуулгаж, тусламж хүссэн ч тодорхой хариу ирүүлээгүй байгаа гэв Ерөнхийдөө манайд ид залуу насаа улс орныхоо төлөө зориулсан дасгалжуулагч, тамирчид хугацаанаас эрт хорвоог орхиж, зарим нь хагас дутуу гишгэсэн хүмүүс болж үлддэг. Өнгөрсөн зууны жар, далаад онд ид барилдаж явсан дэлхийн алдартай тамирчид хожим манай улсад ирж, хуучин цагт хүчтэй өрсөлдөж явсан андуудтайгаа уулзахыг хүсдэг ч бурхны орныг зорьсон байх нь цөөн биш тохиолдож байсан. Өдгөө Монгол Улсын гавьяат тамирчин О.Энхтайван, М.Хойлогдорж зэрэг олон шилдэг тамирчид хүндхэн амьдрал туулж буйг спортын хүрээнийхэн харамсангуй ярьдаг юм. Сүүлийн үед л гэхэд чөлөөт бөхийн Х.Намшир, боксын Д.Банди нарын алдарт дасгалжуулагчид цус харвасан. Бурхны авралаар тэд босч, өдгөө шавь нарынхаа дунд бужигнаад явж байна. Хэвлэлийн бага хуралд ирсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов “Бидний үеийнхнээс арай нэг танагтай явна нь Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд юм уу даа. Бусад нь ч хэцүү байна” гэж хэлсэн нь нэгэн үе Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж явсан тамирчдаа төр хэрхэн анхаарч байсны илрэл биз ээ.  

Д.НАНЖИД.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж